ЗГ: Айлчлалуудыг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

ЗГ: Айлчлалуудыг дүгнэв

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалуудыг хэлэлцэж, онц дүн тавилаа.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дүнг хэлэлцлээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлолыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, Монгол Улс, БНХАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.

БНХАУ-ын даргын 11 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл болсон бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашидын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болсон гэж үзлээ.

Айлчлалын үеэр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, бүхий л салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг урагшлуулж бодит ажил хэрэг болгох, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, байгууллага хоорондын 26, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс, БНХАУ хоорондын харилцааны түвшинг дээшлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, санхүү, хилийн боомт, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч өндөр, дээд түвшинд олон чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болов.

Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын 4 боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв.

Айлчлалын үеэр хятадын тал Монгол Улсын хөгжилд зориулан ирэх 3 жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хятадын тал ирэх 5 жилийн  хугацаанд тус улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг 1000-аар нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад 1000 хүн хамруулах, 500 цэргийн албан хаагчийг сургах, хэвлэл, мэдээллийн салбарын 250 ажилтан, Монгол Улсын 500 залууг Хятад улсад хүлээн авч айлчлуулах, монголын тал ирэх 5 жилийн хугацаанд Хятад улсын 250 залууг манай улсад айлчлуулахаар тохиролцов. Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын харилцан солилцоог тогтмолжуулахад хувь нэмрээ оруулах юм.

Монгол-Хятадын дипломат харилцааны түүхэнд байгуулсан

гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болголоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 1949 оноос хойш хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээний үйлчлэлийг цэгцлэх талаар 2008 онд Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын дэд дарга Си Зиньпины айлчлалын үеэр тохиролцсон байдаг.

1949-2012 онд хоёр орны хооронд 425 гэрээ байгуулснаас 152 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 273 гэрээний үйлчлэл дуусгавар болсныг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протоколыг баталлаа. Өнөөг хүртэл байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болгож, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд эрх зүйн талаас хувь нэмэр оруулах энэ протоколд БНХАУ-ын дарга Си Зиньпины өнгөрөгч 8 дугаар сард Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.

 

                 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалын дүнг хэлэлцэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав. 

Айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дахин нотолж, цаашид Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг түргэвчлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгаж хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг сайшааж, 2015 онд тохиох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Москва хотноо Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулахаар тохиролцов.

Хоёр орны худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тохиролцоонд хүрлээ. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулахаар болов. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, үүний тулд холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудлаар хоёр улсын Сангийн сайд нар ойрын үед хэлэлцээ хийхээр боллоо.

Дэд бүтцийн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн, 2020 он гэхэд дуусгахаар тохиролцов. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр ажиллахаар болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав. Эдгээрээс “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны ард түмний түүхэн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг баталлаа

Монгол-ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг баталлаа.

Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр үсэг зурсан билээ.

Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой. Харин хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болно.

Улаанбаатар төмөр замын цахилгаанжсан хос замын

зураг төсөл боловсруулна

Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой тул Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн саяхан Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон.

Өмнө нь 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг. БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, энэ нь тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэлээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж