Ярих зүйлээр маруухан Монголын уул уурхай

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Ярих зүйлээр маруухан Монголын уул уурхай

Өрөө дараагүй, дээр нь компанийн нэр хүнд навс унасан энэ байдлаараа компани 2016 онд Хонконг, Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах нь юу л бол.

Ихийг алдахаасаа өмнө буцах сонирхол

Баруун Австралийн иргэн Лан Ханкокийн байгуулсан уул уурхайн “Ханкок групп”-ийн эзэн Жина Райнхарт Монголд хайгуулын ажлаа албан ёсоор зогсоосноо зарласан нь манай улсын уул уурхайн салбартай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ байлаа. 50-иад оноос хойш Австралийн эрдэс баялгийн салбарт тэргүүлэх эгнээнд яваа энэ компанийн Монголыг чиглэсэн алхам ийнхүү эргэсэнд нэг талаас дэлхийн зах зээл дэх ханшийн уналт, нөгөө талаас манай улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн эрхзүйн орчин нөлөөлсөн нь илэрхий юм. Магадгүй Ханкокийн гэр бүлийн бизнесийг залгамжлагч хатагтай Жинагийн тов тодорхой тайлбар цаг хугацааны хувьд Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байсан “МакМахон холдингс”-ийн олборлолт зогссонтой холбоотой байж болно. Австралийн уул уурхай, улс төрд харьцангуй нөлөөтэй энэ эмэгтэй 2011 онд Монгол Улсад хайгуул хийх эрхтэй байгуулагдсан “Аспайр Майнинг” компанийг гурван сая ам.доллараар худалдан авч байжээ. Товчхондоо австраличууд биднээс нүүрээ буруулж байна. Илүү ихийг алдахаасаа өмнө ийм сонголт хийх нь аль ч бизнест илэрхий алхам юм.

Ярих зүйлээр маруухан Монголын уул уурхай

Саяхан “Монгол-Солонгосын бизнес форум” Төрийн бус байгууллага Их тэнгэрт хагас өдөр шалавхан хуралдаад авлаа. Маргааш нь форумд хүрэлцэн ирсэн солонгос төлөөлөгчид Цогтцэцийн зүг орон нутгийн нислэгээр очив. Форумын бүтэн өдрийн хөтөлбөр ёсоор тэдэнд “Эрдэнэс Тавантолгой”-г танилцуулж, уурхайн талбайгаас чамгүй хэмжээний метан хийн нөөц илэрсэнд баярласан манай дарга нар хөл хөөр болцгоож, бас нэгэн тууз хайчлав. Гэвч нэгэнт нүүрснээс чинь хамтдаа ашиг олъё гэж ирсэн гадныхантай сүүлийн хэдхэн жилийн дотор хамтарч ажиллаж чадалгүй тараа таниулчихаад хий ашиглах эхлэл төдий хөөрөл, догдлолоор юунд хүрэх вэ.

Форумыг зорьж ирсэн солонгосчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ил уурхайг өнгийж, хуруу дарам хэдэн машин, техникийг нь үзээд л эргэв. “Энержи Ресурс”-ын ажлыг харуулъя гэтэл солонгосчууд татгалзаж байна билээ. Тэртээ тэргүй нүүрсний олборлолт 20 хувиар буураад, Хонконгийн бирж дээр хувьцаа нь унаж байгааг, тэнд уурхай нь сул зогсчихоод байгааг мэдсээр байж юуг нь үзэх вэ. Хадаг барьсан хэдэн монгол охид хараагүй биш, оройдоо шууд л нутаг буцахыг илүүд үзэв.

Солонгосын “Дэйлим” корпорацийн нэгэн төлөөлөгч форумын үеэрх илтгэлдээ “Бид тээвэрлэлтийн тал дээр “Эрдэнэс Тавантолгой”-д найдвартай технологи бүхий машин механизм нийлүүлж чадна. Харин бидэнд тээвэрлэлтийн хөлсөө төлж чадахгүй байх вий гэдэгт санаа зовинож байна” хэмээсэн удаатай.

“Эрдэнэс Тавантолгой”-д толгой сэгсрэх учир

Австралийн Хөрөнгийн биржийн топ компаниудын нэг “МакМахон холдингс” биднээс салахын түүс болж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолтод тулгарах бэрхшээлүүдийн нэг боллоо. Гэхдээ энэ гэнэтхэн бидний өмнө бий болчихсон зүйл биш. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд чимээгүй явсаар, салбарын сайд нь энэ жилдээ багтаан өргүй болно гэж ярьсаар зуныг барснаас биш оны эхнээс л олборлолтын үйл ажиллагаанд хүндрэл үүсч болзошгүй талаар “МакМахон холдингс”-ийн менежер сануулсаар байсан. Бүр олон улсын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх өрөнд санаа зовинож байгаагаа хэлсэн байдаг. Орд дээр олборлолтын ажил хийж байсан гадны компани, эзэн-хамтрагчийнхаа өрөнд санаа зовж суусан гэсэн үг. Эцэстээ өрөө дарах гэж үйлээ үзэж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-г тэвчилгүй тэд ажлаа зогсоосон нь энэ. Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-н ажил нь явахгүй, хамтын гэрээний биелэлт хангалтгүй, мөнгөн дээр гацсан анхны тохиолдол энэ биш. Өнгөрсөн хавар баруун Цанхид олборлолт хийж байсан үндэсний компаниудын 60 тэрбумын ажлын хөлсийг төлж чадахгүй, уурхайчид нь өлсгөлөн зарлахаа шахсан. Өрийн сүлжээнд орсон үндэсний компаниудаа арай хийж дуугүй болгосон. “Эрдэнэс Тавантолгой” энэ удаад харин өөрсдөө дуугүй болох шиг боллоо.

Өнгөрсөн бороо буюу үзэглэж баталсан гэрээг үнэлэхүй

Өрийн тухай ярихаар Засгийн газрын тэргүүн болоод нэр бүхий сайд нар учиргүй эвгүйцдэг болоод уджээ. Тэр тусмаа “Чалко”-д төлөх энэ өрийн тухайд сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх Намрын чуулганаар ширүүхэн шүүмжлэл сонсох нь тодорхой боллоо. Нэхэн сануулахад энэ өр бол 2012 оны сонгуулийг угтаж, 2011 онд Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалан Хятадын Төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж халамж хэмээн тараачихсан хэрэг. Бид бүгдийн өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд “Эх орны хишиг” нэрээр 1.4 их наяд төгрөгийг салхинд хийсгэснээс ихэнх нь “Чалко”-гоос зээлсэн одоогийн энэ өр. Харин үлдэгдэл 110 сая ам.долларыг хэрхэн төлөх вэ. Бондын мөнгөнөөс төлж дэлхийгээр нил аргаа барсан улс гэдгээ тунхаглалтай нь биш. Ямар ч байсан “Чалко” компанитай тун ашиггүй гэрээ байгуулсан нь үнэн. Үүнийг “МакМахон” болон түүний ард байгаа Австрали улс, “Тавантолгой”-н ордод сээтгэнэж байсан хөрөнгө оруулагчид бүгд л хэлж байлаа. Гэрээнд зааснаар нүүрсээ дэлхийн зах зээлд үнэ 100 доллар байхад 70 ам.доллараар, 70 байхад 50 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон гэж олон улсын хэвлэлүүд дэлхий даяар цацсан нь бий.

Тодруулж хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” манай улсын энэ онд экспортлохоор төлөвлөсөн 31 сая тонн нүүрсний 11 сая тонныг зарж чадахаа амалсан. Гэвч одоогоор тус ордоос гурван сая тонн хүрэхгүй нүүрс олборлож үүнээс ганцхан саяыг нь гадагшаа гаргаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ба Засгийн газар

Өрөө дараагүй, дээр нь компанийн нэр хүнд навс унасан энэ байдлаараа компани 2016 онд Хонконг, Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах нь юу л бол. Дээр нь компанийн удирдлагуудын мэдэгдсэнчлэн тэр үед үнэхээр бүтээгдэхүүний гарц 35 сая тонн болж нэмэгдэж, дэд бүтцийн төмөр зам ашиглалтад орсон байх уу. Өнөөдрийнх шиг менежментээр бол “Эрдэнэс Тавантолгой” дампуурах нь ээ гэж хүмүүс ярьж байгаа нь хий сүржигнэл биш. Өндөр өртөгтэй олборлолт хийгээд, хямд үнээр нийлүүлээд байвал өрнөөс өөр юм үлдээлгүй дампуурах нь тодорхой. өмнөд Америкт бүх л бүтэн улс хүртэл дамуурлаа зарлах шахаж байхад менежмент муутай гэдэг нь хэнд ч ойлгомжтой манай Төрийн өмчит компани дампуурахад дэлхий дахин гайхахгүй.

Тун саяхан Засгийн газраас “Таван Толгой”-н хөрөнгө оруулагчийг ирэх 11 дүгээр сард сонгон шалгаруулж, 12 дугаар сард гэрээ байгуулахаар болсон тухай албан мэдээ урсгав. Гэвч зах зээл тэр аяараа бараан дэвсгэртэй байхад, манай Засгийн газрын энэ мэт шийдвэрүүд харамсалтай нь сайн мэдээ болж чадахгүй нь бололтой. Гол худалдан авагч, урд хөршид хэт их нийлүүлэлт, төлөвлөснөөс бага хэмжээний эрэлтийн улмаас нүүрсний үнэ сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрлээ. БНХАУ-ын топ худалдан авагчдын нэг “Winsway” холдинг гэхэд л манай улсын “MMC”-ээс өнгөрсөн жил 839 сая хонконг долларын үнэ бүхий нүүрс авсан бол “Эрдэнэс Тавантолгой” компаниас 155 сая хонконг долларын нүүрс авчээ. Тийм ч өндөр дүн биш. Тэгвэл оны эхний хагаст “Winsway Enterprises” компанийн боруулалт 45 хувиар уначихаж байгаа нь өмнөх жилийн борлуултаас ч доогуур түвшинд биднээс нүүрс худалдан авах нөхцөл болж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж