МИАТ компанийн хувьчлалын асуудал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс илүүтэй өрсөлдөөн өрнүүлж мэдэхээр болжээ. Тус компанийг хувьчилж авах бэлтгэлийг бие даагч гишүүд хангаж эхэлсэн байна. УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд дунд ч бие даагчидтай өрсөлдөх нэр дэвшигч гарч иржээ. Тэрээр МИАТ компанид өөрийн хүнээ “шургуулах ажиллагааг” эхлүүлсэн гэх мэдээлэл байна.
Агаарын тээврийн компаниуд дундаа МИАТ хамгийн томд тооцогдох ч эдийн засгийн үр өгөөжийг нь бодвол ашигтай ажилласан нь бараг үгүй, мөн улстөрөөс илүү хамааралтай. Засгийн эрхэнд аль нам гарна, түүний талын хүн МИАТ компанийн удирдлагаар томилогддог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн билээ. Шахааны томилгоонууд ч тасрахгүй. Гэхдээ өнөөгийн эрх баригч нам нь хоёр жилийн өмнө МИАТ компанийг бие даагч гишүүдэд хариуцуулснаар Ц.Даваасүрэн гишүүний “тоглолт” тус салбарт хамгийн нөлөөтэй байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин энэхүү хоёр жилийн нөлөөгөө цаашид хадгалахыг хүсэв үү, эсвэл ашигтай ажиллах боломж бүрдэж эхэлсэн учраас хувьчлалд ийн анхаарлаа хандуулж эхлэв үү гэдэг тодорхойгүй байна.
Хэдийгээр УИХ-аас МИАТ компанийг хувьчлах шийдвэрийг батлаагүй, Төрийн өмчийн хороон дээр тус компанийн аж ахуйн тооцоог гаргах ажил хүлээгдэж байгаа ч түшээдийн дунд ийн хувьчлалд бэлтгэх марафон эхэлсэн нь анхаарал татна.
Засгийн газрын хувьд МИАТ компанийн 49 хүртэл хувийг хувьчлах бодлого барьж байгаа. Тиймээс ч Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус компанийг хувьчлах жагсаалтад багтаасан юм.
Гэхдээ хувьчлалыг олон нийт хоёр талтай хүлээж авч буй. Нэг хэсэг нь тодорхой хувийг хувьчилж, төр ачаагаа хөнгөлөх цаг болсон гэж Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байхад нөгөө хэсэг нь бондын хөрөнгөөс асар их хөрөнгө гаргаж, МИАТ-д шинэ онгоц худалдан авч өгсний дараа хувьчлах болж байгаа нь төрийн өмчийг үнэгүйдүүлсэн хэрэг болно гэж шүүмжлэх тал ч бий.
Жил гаруйн өмнө тус компани АНУ-аас шинэ онгоц худалдан авсан юм. Нийт өртөг нь 114 сая ам.доллар болж буй бөгөөд бондын хөрөнгөөс гаргасан, түүнийг нь МИАТ арван жилийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэй юм. Үүгээр бол бондын хөрөнгө салхинд “хийснэ” гэж хардахад эртэднэ.
Ингээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд төрийн өмчит хэчнээн компани хувьчлах жагсаалтад багтсаныг хүргэе. Тогтоолын төсөлд тусгаснаар хувьчлалыг хоёр хэлбэрээр явуулахаар тусгасан байна. Үүнд “Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр хэлбэр тусчээ.
Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд:
1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” болон “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;
2. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
3. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
4. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
5. ”Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
6. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
7.“Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
8. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
9. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, Эрчим корпораци, Армоно корпораци болон Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүд:
1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;
2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;
3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар хувьчлах;
4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;
5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах;
6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;
7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;
8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;
9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжихаар тогтоолын төсөлд тусгаад байна.
Г.НАРАН