Нүүрсний үнэ яагаад унав?

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ яагаад унав?

Гурван жилийн өмнө Монголын нүүрс үнэтэй байлаа. Өнөөдрийн өгч байгаагаасаа лав гурав дахин илүү үнээр хятадуудад нүүрсээ зардаг байв. Харин одоо бол уурхай дээрээсээ 30 ам.доллараар урд хөршийнхөнд зарж байна.  

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нүүрсний экспорт тоон дүнгээрээ өмнөх жилээс өссөн ч харин орлого нь мууджээ. Шалтгааныг дэлхийн зах зээл ба Хятадын эдийн засгийн саарсантай холбон тайлбарлах болсоор удаж байгаа юм. Гэхдээ энэ бол жижигхэн шалтаг. Монголын нүүрсний экспортын худалдаа дэлхийн нүүрсний үнээр зохицуулагддаггүй. Нөгөө талаар урд хөршийн нүүрсний импортын хэмжээ буураагүй, энэ оны сүүлээр 96 сая тоннд хүргэх тооцоо гаргасан байдаг. Тэгэхээр нүүрсний үнэ 30 ам.доллар болтлоо доошлоход хүргэсэн хамгийн том, хамгийн гол асуудлууд юу байв?

2012 оны хавар өмнийн говь дахь нүүрсний орд газруудын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч “Саусгоби сэндс” компанийн толгой компани болох “Саусгоби Ресурс” нь хяналтын хувьцааны  57.6 хувийг 889 сая ам.доллараар үнэлэн БНХАУ-ын Төрийн өмчит “Чайналко” компанийн охин компани Чалкод зарахаар гэрээ хэлэлцээ хийж байгаа нь илэрч ихээхэн шуугиан дэгдээсэн юм.   

Хятадууд болон канадуудын хооронд яригдаж байсан наймаа илэрснээр Монголын Засгийн газар сандралд орж Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачлан батлуулж санаа нь амарсан ч тэрхүү хууль эдийн засаг болон экспортод сөргөөр нөлөөлнө гэж тухайн үед манай парламентынхан тооцоолоогүй нь том алдаа болсон юм. Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 4-5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол хууль батлагдсанаас хойш 70 хувь хүртэл унаж, 2013 онд төлөвлөж байснаас хоёр дахин бага буюу 18.2 сая тонныг экспортод гаргажээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойн ордыг ашиглаж буй “Саусгоби сэндс” болон “Чалко”-гийн хооронд хийгдсэн наймаа нь цуцлагдаж, “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түр түдгүүлзүүлээд байгаагаа Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Ариунбаяр  хэвлэлийнхэнд мэдэгдэхтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баяр орцон дотроо “Саусгоби сэндс”-ийн нэгэн захиралд зодуулсан явдал гарч байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Ялангуяа МАН-ынхан. Бас энэ компанийн асуудлаас бол АМГ-ын дарга асан Д.Батхуяг шүүхээс зургаан жилийн ял сонссон билээ.

Ийнхүү Монголын газрын баялгаар наймаалцах гэсэн канад, хятадуудын төлөвлөгөө нурсан нь манай нүүрсний экспортын үнэ болоод зах зээлд сөргөөр нөлөөлсөн. 2011 онд 90-120 ам.доллараар зарагдаж байсан нүүрсний үнийн уналт үргэжилсээр өнөөдөр зарим компани тэг зогсолт хийхээс өөр сонголтгүй болчихоод байгаа юм. Зарим компанийн хувьд алдагдалтай ажиллаж буй ч зах зээлээ хамгаалж үлдэхийн тулд нүүрсээ үнэгүй шахам өгсөөр байгаа. Өөрөөр хэлбэл, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа гадаад өрсөлдөгчиддөө бизнесийнхээ орон зайг алдахгүйн тулд Монголын нүүрсний компаниуд асар их алдагдал хүлээж байна.

Мэдээж, хятадууд бидний наймаан  зогсоосноос болоод нүүрсний чинь үнийг унагалаа шүү гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тэдний хэлж байгаа нэг шалтаг нь дэд бүтэц бөгөөд эскпортын төмөр замгүй монголчуудыг тээвэрлэлтийн асуудлаар нь далимдуулан нүүрснийх нь үнийг унагаж байгаа хятадуудыг үнэндээ буруутгах арга байхгүй. Өөрөөр хэлбэл, нүүрснийхээ үнийг унагах шалтгааныг монголчууд бид өөрсдөө үүсгэсэн. Тийм ч учраас өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг зүйр үгийг сануулах нь илүүц болохгүй биз.

Үнэндээ “Саусгоби сэндс” болон “Чалко”-гийн хооронд анхнаасаа наймаа хэлэлцээ хийх шалтаг гаргаагүй л бол Монголын нүүрсийг унагах тактик хятадууд хэрэглэхгүй байсныг хэн мэдлээ. Нүүрсний үнийг унагах шалтгааныг тавьсан МАН-ынхан одоо ямар тайлбар хийж байгааг сонсоход эгдүү хүрмээр.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж