УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллах үеэрээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Энэ үеэр иргэд сумандаа усан цахилгаан станц байгуулахыг дэмжсэн байна.
Өмнө нь Дөргөн суманд усан цахилгаан станц байгуулах тухай яриа үүсэхэд нутгийн иргэд эсэргүүцэж байсан учраас тэрээр Эрдэнэбүрэн сумынхны санал бодлыг сонсчээ. Эрдэнэбүрэн суманд УЦС баригдвал сумын хөгжилд чухал ач холбогдолтой гэж иргэд үзэж байгаа аж.
Тус сумын хувьд сургуулийн анги танхимын дүүргэлт багатай байгаа нь иргэд ажил амьдралаа бодон төв суурин газрыг бараадах болсонтой холбоотой гэнэ. Иймээс иргэдийг ажлын байраар хангах, нутаг орондоо ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх бодлогыг төрөөс хэрэгжүүлж өгөхийг хүсчээ.
Мөн тэрээр казах ястан оршин суудаг Ховд сумын Улаанбураа баг, Буянт сумын зарим айл өрх, ногооны талбайгаар орж ногоочдын амьдрал ахуйтай танилцжээ. Тариалангийн усалгааг сайжруулах, хурааж авсан ногоогоо хадгалах зоорины хүрэлцээ хангамжид анхаарахыг ногоочид хүссэн байна.
Улсдаа алдартай тарвас, амтат гуа, шар төмсний талбайг түшиглэн тус аймагт нарийн ногоо даршлах, савлах "Баялаг буянт" ХХК болон чипсний үйлдвэр байгуулагдаж байгаа ажээ.
В.ТУЯА