Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар 2010-2012 онд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг үр дүнд хүргэх, гадаад харилцааны үүрэг, үр өгөөжийг дээшлүүлэх талаар идэвхитэй хамтран ажиллах үүднээс энэхүү Санамж бичгийг байгуулжээ. Санамж бичигт тусгаснаар Гадаад харилцааны яамны зүгээс найрсаг харилцаат улс орны хот Улаанбаатар хоттой шууд харилцаа тогтоох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийслэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг гадаадын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй холбож, дэмжлэг үзүүлэх зэргээр нийслэлтэй хамтарч ажиллах юм. ГХЯ төв байрандаа өргөтгөл барихаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд зориулж одоогийн төв байрны орчинд нь газар олгох, Улаанбаатар хотноо дипломат корпусын хороолол байгуулахыг дэмжих зэргээр Улаанбаатар хот хамтарч ажиллахаар Санамж бичигт тусгасан байна.
Д.Цэцэн
Д.Цэцэн