Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 8-14-ний хооронд болсон билээ. Тус тэмцээнд оролцсон баг тамирчид өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд Туушин зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эмэгтэй шигшээ багийн тамирчдаас 60 кг-д С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг хүртсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Дөнгөж 19 насандаа дэлхийн аварга болсон танд баяр хүргэе. Төрийн дууллаа эгшиглүүлж байх тэр торгон агшныг эргэн нэг хуваалцаач.
-Баярлалаа. Тэр үед үнэхээр гайхалтай байсан. Хамгийн түрүүн ээжийгээ баярлуулж, ачийг нь бага ч болов хариулахсан гэж бодогдож байлаа. Гэр бүлийнхэн болон “Алдар” спорт хороонхон, нийт тамирчдадаа баярлаад барахгүй байсан. Тэр их сайхан мэдрэмж одоо ч гоё санагдана. Тэмцээн эхлээд олон өдөр болсон байсан болохоор бид бүхэн Монголынхоо төрийн дууллаа сонсохыг хүсэж байсан. Тэр хүслийг биелүүлсэндээ туйлын их баярлаж сууна.
-Ташкентын дэвжээнд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсэн бэ?
-Ер нь бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Эхний тойрогт ОХУ-ын бөх Наталя Гольтцыг 7-0-оо ялсан. Тэрээр дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга бөх юм билээ. Дараа нь Японы бөх К.Сакагамиг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Финландын бөхийг 5:0-оор ялж, аваргын барилдаанд Азербайжаны бөх Юлия Раткевичтэй барилдан 12:3 харьцаагаар ялсан.
-Та эхний тойргийн барилдаанаас эхлэн шигшээ хүртэл бүх өрсөлдөгчөө илт ялсан. Шигшээ барилдааныг эргэн дурсахад?
-Бэлтгэл маш сайн байсан. Сэтгэл зүйч сайн бэлтгэгдсэн. Шигшээ барилдаанд дасгалжуулагчтайгаа ярилцаж байгаа тактикаа боловсруулсан. Миний өрсөлдөгч бол Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын аваргын алт, хүрэл медальтай Юлия Раткевич байсан. Түүнтэй барилдахад ер нь эмээгээгүй ээ. Багштайгаа ярьсан зүйлээл шигшээ барилдаанд гаргасан.
-Японы алдарт бөхчүүд болох Саори Йошида, Каоро Ичо нар танд баяр хүргэсэн гэсэн. Тэд таньд юу гэж хэлсэн бэ?
-Японы алдартай бөхчүүд өөрсдөө над дээр ирж баяр хүргэхэд гайхаж байсан. Дараа нь өөрийнхөө барилдааныг харж би үнэхээр сайн барилдсан юм байна гэж бодогдож байсан.(инээв) Мэдээж би тэр аваргуудыг наддээр ирнэ гэж бодооч үгүй. Тэд “залуу аваргадаа баяр хүргэе. Цаашдаа олон түрүүлээрэй. Бидний залгамж халааг аваарай. Чи үнэхээр сайн байлаа” гэж байсан. Тийм алдартай тамирчдаас урмын үг сонсох сайхан юм билээ. Улам л урамшсан даа.
-Япон улсад бэлтгэл хийсний үр дүн таны энэ амжилтад нөлөөлсөн байх?
-2010 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Б.Дагвадорж аваргаас Япон улсад суралцах эрх авсан. Тэнд зургаан сар бэлтгэл хийхдээ маш их зүйл сурсан. Xөл авах мэхийг тэдний арга барилаар сурсан минь үр дүнгээ өгч байна. Японоос ирээд Н.Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа базаасан. Хосоо багшийнхаа дархан мэхүүдээр өрсөлдөгчөө ялсан.
-Чамайг ирэхээс өмнө танай гэр бүлийг сайн мэддэг болсон. Дэлхийн аварга болсны дараа ээжтэйгээ ярьж байсан чиний зураг сошиал ертөнцөд их тархсан, хүмүүс чамаар бахархсан. Тэднийхээ тухай юу хэлэх вэ?
-Дэлхийн аварга болсны дараа хамгийн түрүүн ээждээ баяр хүргэсэн дээ. Биднийг өсгөж хүмүүжүүлсэн ээжийгээ баярлуулах сайхан байсан. Тэр үед сэтгэл минь жаахан уужирч, хүсэл мөрөөдөлтэй байхад юманд хүрэх боломж байгааг харсан. Бас ахдаа их баярлалаа. Үнэхээр намайг тамирчин хүн болгоход суурийг минь тавьж, спортын замналыг эхлүүлсэнд. Хосоо багшдаа баярлалаа, аавын минь оронд аав болж, дэмжиж, тусалж, ихийг зааж, сургасан багшдаа баярлаж байна. Мөн "Алдар" спорт хорооныхондоо талархаж байгаагаа хэлмээр байна.
-Хэдхэн хоногийн дараа Азийн наадмыг зорих гэж байна. Дөрвөн жилд болдог Азийн олимпийн тухайд?
-Анх удаа дэлхийн аваргад оролцоод медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан болохоор Азийн наадамд өндөр амжилт үзүүлэхийг хүсэж байна. Үнэхээр том хариуцлага, итгэл ирдэг юм байна. Азийн наадмын бэлтгэлдээ орсон. Жин өгсөж, 63 кг-д барилдана.
-Барилгын инженер мэргэжлээр суралцах болсон гэсэн. Хэзээ оюутан болох вэ?
-Би барилгын инженер болохыг их мөрөөддөг байсан. Энэ хүслийг минь биелүүлж ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр урилга өгсөнд баярлаж байна. Ирэх жилээс ШУТИС-д суралцана.
Ч.БОЛОРЧУЛУУН