Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Нэг цаг өнгөрлөө. Эхэлдэггүй ээ. Үзээгүй өнгөрсөн бол үхтлээ харамсах байснаа мэдэхгүй, дургүй минь хүрч эхэллээ. Ааш авир, гоо үзэсгэлэн хоёроороо цуутай Элизабет Тайлор оршуулах ёслолоо товлосон цагаасаа зориуд хоцроож хийгээрэй гэж гэрээсэлсэн нь санаанд оров. Авьяас нь багтаж ядсан, амьдрал нь харин оньсого шиг хүмүүсийн зан юм болов уу. Тэртээ тэргүй түүний тоглолтыг дууг нь сонсох дуртай над мэтийн фэнүүд нь хорин хэдэн жил хүлээсэн. Ингээд хүлээж бай гэсэн шиг эхлэхгүй удах нь эгдүү хүрмээр.

Арайхийн тэр тайзнаа гарч ирлээ. Урт цагаан цув, буржгар үс, хар шил. Хадаг яндар болсон микрофоныхоо ард зогслоо. Хүлээж бухимдсан уур бараанаар нь нисээд явчихлаа. Хорин хэдэн жил дуулсны эцэст анх удаа бие даасан тоглолтоо хийж байгааг нь бодохоор хайр хүрнэ. Нээрээ тэр яагаад өмнө нь ийм тоглолт хийгээгүй юм бол? Юугаа хүлээсэн байж таарах вэ? Хариултыг нь тэр өөрөө л хэлэх байх.

“Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ” Мөнгө хөөн нутгаа орхин гарсан залуусын нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтайгаар дуулдаг сүлд дуу. Минийх гэх бүх зүйлээсээ хол мөнгөнд захирагдсан дутуухан амьдралыг дүүргэж өгдөг сэтгэлийн дуу. Хоолой нийлүүлэн дуулах үзэгчдийг харах сайхан. Мэдээж тайзан дээрээс тэд илүү гоё харагдаж байгаа.

Цагдаа зодсон тухай мэдээг нь сониноос уншаад дургүй хүрсэн ч “Санана даа”-г нь сонсохоор сахилгагүйтсэнийг нь таг мартаж орхино. Хар тамхи татдаг болсон гэнэ ээ гэж шуугихаар нь бас л уур минь хүрнэ. Аавынд суух болохоор аваад харин үлдчихмээр санагдана. Өрөөсөн нүд нь харахаа больж гэдгийг дуулаад өөрөө аваачаад хорьчихсон юм шиг харамсана. Суллагдаад гарлаа гэдгийг нь сонсоод санаж бэтгэрсэн амраг минь холоос ирэх шиг догдолно. Их театрын тайзан дээр согтуу гарсан гэх яриа сэмхэн нисэж ирээд чихэнд минь хүрэхэд улаан нүүрэн дундуур нь алгадаад авмаар болно. Гэвч “Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ ээ” гэж дуулахыг нь сонсоод тэвэрч аваад үнсмээр санагдана. Хаашаа ч хүн юм бэ дээ, энэ эр. Хэчнээн хэрэг тарьсан ч ижий, аавдаа үргэлж зөвдөж байдаг айлын нандин хүүхэд шиг адармаатай хүн. Алгадмаар санагдсан ч гарыг минь далайлгадаггүй, зэмлэмээр болсон ч үгийг минь дотогш нь залгиулж чаддаг аймшигтай хачин хүн.

“Ээж минь энд ирсэн байгаа” гэж эв хавгүйхэн тэр хэлж байна. “Сүүний үнэр шингэсэн…” гэж ирээд л сүрлэг түрлэгтэй хамтран дууллаа. Энэ ээж бэтгэртлээ өмөрч, шататлаа цэлмэдэг ээж байх даа хэмээн бодов. Ийм хүүгийн ээж байх ямар байдаг бол? “Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ ээ” хэмээн дуулах хүүгээ хараад юу бодож суугаа бол? Уйлж байгаа болов уу, эсвэл инээмсэглэн суугаа юм болов уу?

“Нарыг хайрла” Тэр энэ дууг өөрөө зохиосон. “Зүрхээ гаргаад, зүсэж тавиад, сэтгэлээ тэгээд сэрээдээд хаямаар” гэсэн дөрвөн мөрийг бодож олсных нь төлөө “Нисванис”-ын Амгаад “Болор цом”-ыг бөөн бөөнөөр нь өгчихмөөр санагддаг шиг “Нарыг хайрла” хэмээх хоёрхон үгийнх нь төлөө түүнд Нобелийн шагнал өгчихсөн ч болохоор санагдана. Түүнээс өөр хэн нарыг хайрла гэж дуулсан бэ? Хүн хүнээ хайрлахын гайхамшгийг шүлэглэн Нобелийн шагналыг хүртсэн агуу Таагүрийн шүлэгт ч ийм холбоо үг бий бил үү? Нарыг хайрла. Энэ хоёрхон үгийг сонсоод танд юу бодогддог вэ? “Тэнгэрийг хайрла, үүлсийг бас хайрла” гэж дуулахыг сонсоод танд ямар мэдрэмж төрдөг вэ?

Аялгуу амнаас нь биш сэтгэлээс нь урсдаг болохоор түүний дуунуудад би хайртай. Хар шилнээс салдаггүй ч баг зүүж аж төрдөггүйд нь хайртай. Хайртай хүүгээ өмөлзтөл өмөөрдөг шиг бид түүнд хайртай.

“Хүнийг хайрла, хүй орчлонг хайрла”

Б.Цацрал

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж