Үндэсний аж ахуйнуудад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдах тухай тогтоолыг өнгөрөгч долдугаар сард УИХ-аар баталсан. Баталсан цагаас хойш бараг арван сарын хугацаа өнгөрөөд байгаа ч хэрэгжилтийн хувьд “0” зогсоод байгаа билээ. Хувьцааны тоо ширхэгийг тооцож гаргасан ч нэрлэсэн үнэ хэд орчим төгрөг байх талаар ямар нэг шийдгүй. Үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьд “тэнгэрийн умдаг” болон харагдаж байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувийн хувьцааг иргэдэд нэрлэсэн үнээр өгөх тухай гишүүдийн санаачилга түүнээс ч олон хүнд урам өгч байна. Учир нь Тавантолгойн хувьцааг авахаар улсын бүртгэлд хамрагдаад байгаа компанийн тоо 50 мянга давсан. Харин тэдгээрийг Монголын нийт хүн амын нэг хувь буюу 2700 орчим гэр бүл эзэмшдэг гэсэн судалгааг Засгийн газар гаргасан байна. 2700-гийн эсрэг 2,7 сая. Тун ойлгомжтой тоо. Тиймээс ашиг сонихол нь орхигдоод буй 2,7 сая хүний нэгийн хувиар миний бие бээр бас өөрийн бодлоо хуваалцахыг хүслээ.
Монгол Улсын Үндсэн хуулинд газар нутаг, түүний доорх баялаг бүх ард түмний өмч хэмээн заасан билээ. Энэ нь байгалийн баялгаас хувь хишиг хүртэх тохиолдолд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн үг. Одоо яригдаж буй Тавантолгойн ордын лицензийг “Энержи Ресурс” компаниас буцааж авахдаа ч гэсэн УИХ, Засгийн газар энэ зарчимыг үндэс болгон нийгэмчилсэн байдаг. Төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн энэ ордын лицензийг төр, төрийн нэрийн дор ард түмэн хувь эзэмших ёстой гэж. Энэ дагуу ч “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулж, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх үүргийг хүлээлгэн, нийт хувьцааных 10 хувийг нийт иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ноогдох тухай Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сард зарласан. Харин аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийн хувьцаа одоо маргаан дагуулж байна. Яагаад гэвэл Засгийн газар амлачихсан учраас.
Өнгөрөгч долдугаар сард Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа уул уурхайн үр ашигтай төсөлд үндэсний аж ахуйнуудаа татан оруулах замаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Хувьцааг 100 хувь гадаадын бирж дээр гаргаад зарчихвал үндэсний компаниуд хоосон хоцорно гэж хаширласан учраас. Хоёрдугаарт үндэсний компаниудын оролцоо байх нь Тавантолгойн ордыг ашиглахад санхүүгийн бас нэг эх үүсвэр болно, цаашлаад компаниуд ч үүн дээр үр ашигтай менежмент хэрэгжүүлэх сонирхолтой болно гэж харсан хэрэг. Гэвч одоо харж байгаагаар бол Тавантолгойн орд дээр олборлолт явуулах, менежмэнт хийх бүх үүрэг нь 100 хувь гадаадын компаниудад очоод байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ ажил дээр дэлхийд алдартай гадаадын зургаан консерциумыг өрсөлдүүлж байгаа. Харин манай компаниудын хувьд өөрт ногдсон хувьцааг нэрлэсэн үнэ буюу анхны үнээр худалдаж аваад орд олборлолтоо явуулж, үр ашгаа өгч эхлэхийн цагт хувьцаагаа борлуулах, эсвэл ноогдол ашгаас хувь хүртэх л үүрэгтэй харагдаж байгаа.
Ингэхээр иргэн хүн яагаад энэ хувьцааг худалдаж авч болдоггүй, аж ахуйн нэгжүүд худалдаж авах эрхтэй байдаг юм бэ гэсэн асуулт гарч байна. Хувьцааны анхны үнэ нэг доллар байх уу, 10 доллар байх уу гэдгийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Мөн хэн нь хэдэн ширхэг хувьцаа худалдаж авах чадвартай вэ гэдгийг ч хэлж мэдэхгүй. Гэхдээ худалдаж авах эрх нь Монголын бүх иргэнд нээлттэй байх хэрэгтэй л гэсэн үг. Сарынхаа цалинг илүүчилж, эсвэл хотын төвийн рестораны таваг хоолны үнэ төлөхгүй хэмээн “ад” болоод байгаа “хүний хөгжлийн” 21 мянгаа хурааж байгаад, эсвэл жил жилийн зудад зуу зуугаараа үрэгдэж байдаг үр ашиггүй малаасаа цөөлөөд үр ашгаа хэзээ мөдгүй өгч эхлэх тав нь тав, тавь нь тавин ширхэг хувьцаа авч яагаад болохгүй гэж. Энэ бол тэгш гараа, гарааны ижил нөхцөл. Харин барианд хэн орох нь чухал биш. Түүнээс биш нэг хэсэгт нь 536 ширхэг хувьцаа үнэгүй өгөөд нөгөө хэсэгт нь 550 мянган ширхэг хувьцааг нэг доллараар үнэлж өгнө гэдэг тэгш байдал биш. “Эрдэнэс Тавантолгой”-н орд дээр 15 тэрбум ширхэг хувьцаа гаргана гэсэн. Үүний 10 хувь нь 1,5 тэрбум ширхэг болж байна. Үүнийг дээр хэлсэн 2700 өрхөд хуваахад нэг айлд 550 мянган ширхэг хувьцаа ноогдож байна. 10 ам бүлтэй айл гэж үзвэл нэг хүнд 55 мянган ширхэг хувьцаа ноогдож байна. Түүн дээр үнэ талбөргүй өгч байгаа 536 ширхэг хувьцааг нэмэхээр нэг хүнд 55.536 ширхэг хувьцаа. Энэ бол дундаж тоо. Харин та ямар нэг компанигүй, хувь эзэмшдэггүй бол 536 ширхэг хувьцаатай. Тэгэхээр аль нь шударга байна. Та ч гэсэн хувьцаа авмаар байна уу?