2013 онд зам тээврийн ослоор 423 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

2013 онд зам тээврийн ослоор 423 хүн амиа алджээ

Халх голын дайнд 237 цэрэг, харин 2013 онд 423 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

 

Монголын нийт ард иргэдэд  илгээх Ил захидал

 

БИД ДАЙНЫ ҮЕИЙНХ ШИГ ӨНДӨР ЭРСДЭЛ, БАЙНГЫН АЙДАС ДОР АЖИЛЛАЖ, АМЬДАРСААР БАЙХ УУ, ЭСВЭЛ …

Монгол оронд маань өнөөдөр сайн сайхан, дэвшилттэй, болж бүтэж байгаа зүйлс маш олон байгаа гэдэгт би итгэдэг. Гэвч, бидэнд бас болж бүтэхгүй байгаа олон асуудлууд бий, тэдгээрээс нэн тэргүүнд засаж залруулах шаардлагатай байгаа нэгэн чухал асуудлын талаар өнөөдөр би төр засаг болон нийт ард иргэддээ хандаж байна.

Энэ бол жил тутам олон мянган иргэд маань осол эндэгдлийн улмаас зүй бусаар эрэмдэг зэрэмдэг болж, амь насаа алдаж байгаа гашуун үнэний тухай, мөн хэрхэн энэхүү гамшгийг даван туулж болох тухай асуудал юм.

Мэргэжилтнүүдийн хийсэн олон төрлийн судалгаа, статистик мэдээллээс харахад манай иргэд зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол эндэгдэлд жилдээ хэдэн мянгаараа өртөгдөн, эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэн, амь насаа алдсаар байгаа нь тэртээ дайны үеийнхээс ч хол давсан үзүүлэлт юм. Тухайлбал, Халх голын дайнд Монголын 237 цэрэг эрс амь насаа алдсан гэдэг. Гэтэл, өнөөдөр энх цагт ганцхан жилийн дотор (2013 онд) 423 хүн зам тээврийн осолд өртөгдөн амь насаа алджээ. Үүн дээр үйлдвэрлэлийн осол болон гэмт хэрэг, золгүй байдлын улмаас эндсэн хүний тоог нэмбэл дайны үеийнхээс олон дахин давсан үзүүлэлт болж байна.  

Энэ их эрсдэл, айдас дунд байгаа ард иргэдийн маань амьдрал аль хэдийнэ жинхэнэ гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад бид өнөөдөр шогшрохоос хэтрэхгүй, ямарч арга хэмжээ авахгүй таг чиг сууцгаахын учир юу билээ. Бид бүгдээрээ хэдий болтол ингээд хараад суугаад байх вэ?

Энэхүү захидлыг уншигч та ч бас дээрх асуудалд эмзэглэж явдаг, бас тэдгээрийг засч залруулахын тулд ямар нэгэн зүйл хийхийг хүсч байдаг гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэгвэл, бид бүгд өөрсдийнхөө эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллаж амьдрах арга замыг хамтдаа хайж олцгооё.

Миний санал бол энэхүү дайны хэмжээний гамшгийг эрс бууруулсаар  хамгийн бага түвшинд хүргэхийн тулд бид нэн тэргүүнд, олон нийтийг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, ард иргэдийнхээ санаа оноог цуглуулан, бодит мэдээлэлд тулгуурласан нарийн судалгааг мэргэжилтнүүдийн багаар хийлгэж, тодорхой дэс дараатай, үр дүнтэй арга замуудыг олж төлөвлөн, улмаар бодитой ажлуудыг эхлүүлж, түүнийгээ байнга сайжруулах байдлаар тууштай хэрэгжүүлэхийг нийт Монголчууд та бүхэндээ уриалж байна.

Энэхүү уриалгыг бодит ажил хэрэг болгохын эхлэл болгож миний зүгээс дараахь санаа оноонуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Үйлдвэрлэлийн осол, эндэгдлийг бууруулах чиглэлд:

1. Байгаль дэлхийн бүрэн цогц байдал болон эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл байхгүй гэсэн Монголчуудын уламжлалт өв ухааныг соёл боловсролын системээр дамжуулан, нийт ард олонд сэргээн дэлгэрүүлэх;

2. Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах чиглэлийн бүх шатны (төрийн захиргааны, мэргэжлийн хяналтын, цагдаа болон онцгой байдлын, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын гэсэн 4 төрлийн) хяналт шалгалтыг илүү өндөр түвшинд хүргэх хууль эрх зүйн орчныг шинэчлэн гаргаж, бодит шаардлага үүссэн тэр даруйд нь байнга сайжруулах механизмыг бүрдүүлэх;

3. Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй (ХАБЭА), байгаль орчин (БО), чанарын удирдлагын тогтолцоо болон дотоод хяналтын механизмыг үр дүнтэй болгох хууль эрх зүйн шаардлагыг бүрдүүлж, тэдгээрийг ажил олгогч (захирал)-ийн шууд үүрэг хариуцлагад бүрэн хамааруулах;

4. Байгууллагын ХАБЭА, БО-ы дотооддоо мөрдөх дүрэм журмуудыг салбар бүрээр нь нэгдсэн байдлаар төр засгийн зүгээс захиалан, хамгийн шилдэг мэргэжлийн байгууллагаар боловсруулж, жишиг болгон гаргаж ;

5. Компаниудын ХАБЭА, БО-ы үүрэг хариуцлагыг эрс нэмэгдүүлж, ноцтой  зөрчил гаргавал 9-н оронтой, дунд зэргийн зөрчилд 8-н оронтой, бага хэмжээний зөрчилд 7-н оронтой тоотой тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байхаар хуульчлах (мэдээж, торгууль төлсөн нь эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй);

6. Тухайн төслийн захиалагч, гүйцэтгэгч болон гэрээт нийлүүлэгч компани, нэгжүүдэд бүгдэд нь адил үүрэг хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх;

7. Аюул эрсдлийн зэрэг өндөртэй салбарт ажиллаж буй бүх аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА, БО-ы асуудал хариуцсан тусдаа албыг заавал байгуулан ажиллахаар хуульчилж өгөх. Үүнд: 50 хүртэлх ажилтантай байгууллагад 3-аас доошгүй ХАБЭА-н ажилтантай баг, 50-иас дээш ажилтантай байгууллагад ХАБЭА-н 3 ажилтантай баг дээр нэмээд 50 ажилтан тутамд ХАБЭА-н 1 ажилтан байхаар харгалзуулан тооцдог байх;

8. Гадаадын уул уурхайн компаниудаар дамжин, манай уул уурхайн салбарын ХАБЭА, БО-ы удирдлагын тогтолцоо харьцангуй өндөр түвшинд хөгжсөн сайн үлгэр жишээг зам, барилга, хөдөө аж ахуй болон бусад үйлдвэрлэлийн салбарт бодитоор авч хэрэгжүүлэх бодлогыг баримтлах;

9. Уурхайнууд жил бүр уулын ажлын болон онцгой байдал, ХАБЭА, БО-ы төлөвлөгөөнүүд боловсруулан, жилийн эцэст үйл ажиллагаагаа тайлагнаснаар ирэх жилийн ажлаа эхлүүлэх боломжийг нээдгийн адилаар зам, барилга, хөдөө аж ахуй, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарт тухайн жилийн ажлын төлөвлөгөөгөө батлуулж, тайлангаа хянуулснаар дараа жилийнхээ ажлыг эхлүүлэх боломжийг олж авдаг тийм тогтолцоонд шилжүүлэх. Тухайлбал, ХАБЭА, БО-ы аудитыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэсний үндсэн дээр жил бүр тусгай зөвшөөрлийг нь сунгадаг байх г.м;

10. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй болон ХАБЭА-н хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн ажлыг тэр даруйд нь шууд зогсоож (энд, ямар нэгэн сануулга өгөх, харж үзэх г.м. явдал байх ёсгүй), зөрчлөө бүрмөсөн арилгасан тохиолдолд л гагцхүү ажиллуулахыг зөвшөөрдөг байхаар хатуу хуульчлах;

11. Мэргэжлийн хяналтын газраас тухайн байгууллагад хяналт шалгалт хийж, албан шаардлага өгсөн л бол тогтсон хугацаандаа заавал эргэж шалган, хариуцлага тооцож бүртгэн авдаг нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;

12. Улсын хэмжээнд ХАБЭА, БО, чанарын хяналтын “Хар жагсаалт”-ыг гаргаж, улирал тутам шинэчилдэг байхаар журам гаргах. Уг жагсаалтад орсон аливаа компанид санхүүжилт хийсэн банк, санхүүгийн байгууллага, компани, хувь хүнийг ямарваа хөнгөлөлтөнд хамруулдаггүй байхаар хуульчлах;

13. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ХАБЭА, БО, Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, компаниудад л зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх болон бусад томоохон төслүүдэд оролцох эрхийг нээж өгдөг механизмыг бүрдүүлэх,

14. Урьд өмнө нь хүний амь насыг хохироосон, эсвэл хүний эрүүл мэндийг удаа дараа хохироож байсан, осол гэмтлийг нуун дарагдуулж байсан байгууллагуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон захиалгаар гүйцэтгэх аливаа төсөлд оролцуулахыг хориглох;

15. Нэгэнт батлагдсан Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартуудыг нийтээрээ хэлбэрэлтгүй дагаж мөрддөг тогтолцоонд шилжихийн тулд ямар арга механизм авч хэрэгжүүлэх шаардлагатайг олж тогтоон, нэн даруй хэрэгжүүлэх; 

Зам тээврийн осол, эндэгдлийг бууруулах чиглэлд:

16. Замын хөдөлгөөний хууль, дүрэм, журамд зарчмын цоо шинэ өөрчлөлтүүдийг нэн даруй хийж, өнөөдөр үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудын зохицуулалтыг тусган оруулж өгөх;

17. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөний торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлэх. Үүнд: Жижиг зөрчил (гэрлэн дохио зөрчсөн, хурд хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй газар зогссон г.м)-д 50,000-100,000 төгрөгөөр, дунд зэргийн зөрчил (мөргөсөн)-д жолоодох эрхийг нь 1 жилээр хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 нугалсантай тэнцэх хэмжээгээр, ноцтой зөрчил (согтуугаар жолоодсон, ноцтой осол гаргасан)-д жолоодох эрхийг нь 2 жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээгээр торгох;

18. Авто машины үзлэг, оношлогоо, бүртгэл мэдээллийн тогтолцоог улам сайжруулж, зөрчил гаргасны улмаас торгуулсан торгуулиа төлөөгүй автомашиныг үзлэг, оношлогоонд оруулахыг хориглох;

19. Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай тусгай хичээлийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор нэгдсэн журмаар оруулах, жолооны сургалтыг мэргэжил үйлдвэрлэлийн сургалт болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулж сургуулиа төгсөхдөө автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй төгсдөг байхаар зохион байгуулах;

20. Авто замын стандартыг шинэчлэн сайжруулж, баталгаат хугацаандаа хүрэхгүй эвдэрсэн замыг тухайн барьсан компаниар нь засуулах, үл зөвшөөрвөл барьцаа хөрөнгөөр нь гүйцэтгүүлж, замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг нь цуцлан, дахин замын тендэрт оруулахгүй байхаар хуульчлах;

21. Авто замын эвдрэл, хагарал гарсан тухай бүрт нь засч сайжруулж байх үр дүнтэй механизмыг бүрдүүлж, зам засварын ажлын хяналтыг сайжруулах;

22. Борооны ус зайлуулах системгүй замыг дахин шинээр тавихгүй байх, одоо байгаа нийт замд ус зайлуулах системийг үе шаттайгаар тавих;

23. Хуучин автомашины гаалийн татварыг одоогийнхоос эрс нэмэгдүүлж, шинэ автомашины гаалийн татварыг тэглэх, мөн экологийн цэвэр, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг автомашины хэрэглээг дэмжих бэлтгэл ажлыг одооноос хэрэгжүүлж эхлэх;

24. Баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг 2-3 жилийн дараа импортоор оруулахыг хориглох, 4-5 жилийн дараа Улаанбаатар болон бусад томоохон хотуудад явахыг хориглох, 6-7 жилийн дараа Монгол улсад явахыг бүрэн хориглох хууль гаргах;

25. Хуучин дугуйны импортыг хязгаарлаж, 2 жилийн дараа гэхэд бүрэн хориглосон байх, мөн халзан дугуйтай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийг тухай бүрт нь торгодог байх;

Гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд:

26. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийг гадаадын ажиллах хүчнээс хамгаалж, гадаад ажилчдын квотыг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилчдад 10 дахин, инженер техникийн ажилтнуудад 20 дахин, удирдах ажилтнуудад 30-50 дахин нугалсантай тэнцэх хэмжээгээр төлбөр ногдуулах (Ингэснээр, Монгол иргэдийн маань үнэ цэнэ нэмэгдэж, компаниуд тэднийг сургаж авч ажиллуулахаас өөр гарцгүй болно. Улмаар, манай залуучуудад хангалттай өндөр хэмжээний цалин орлого бүхий ажилтай болох бодит нөхцөл бүрдэж, тэд урам зоригтой, хангалуун амьдрах болно. Эцсийн дүнд, залуучууд маань гэмт хэрэгт өртөх нь улам багассаар нийтээрээ хариуцлагатай, ухамсартай, соёлтой ард иргэд болон төлөвшиж, улс орон маань ч жинхэнэ утгаараа хөгжиж дэвжих болно);

27. Ард иргэдээ соён гэгээрүүлэхийн тулд залуус болон дунд насныхныг хүний хөгжлийн сургалтуудад үнэ төлбөргүйгээр төрийн зүгээс компанит ажил болгон хамруулах, мөн үр хүүхдүүддээ зорилтот хөтөлбөр бүхий хүний хөгжил, ёс зүйн үр дүнтэй хичээлүүдийг сургууль, цэцэрлэгээс нь эхлэн зааж сургах;

28. Цагдаа, хууль, хүчний байгууллагын ажилтнуудад тавих шаардлагыг эрс өндөрсгөж, тэр хэмжээгээр цалин хангамжийг нь нэмэгдүүлэх, курс төгсөөд цагдаагийн ажилтан болдог явдлыг таслан зогсоох;

29. 38-40 хувийн спиртийн агуулгатай согтууруулах ундааны онцгой албан татварыг эрс нэмэгдүүлж, 20 хувиас бага агуулгатай айраг, дарсны хэрэглээг дэмжиж, татварыг нь бусад хүнсний бүтээгдэхүүний адил тогтоох;

30. Цаашид, бид бие биенээ хүний ёсоор чин сэтгэлээсээ хайрлан энэрч, эвтэй найртайгаар, хамтдаа өсч өндийн, сэтгэл тэнэгэр амьдарцгаах хэрэгтэй. Цөөхөн Монголчууд бид улс төрөөр талцан, хэрүүл зодоон, хов жив, атаа жөтөөгөөр хоорондоо толхилцож, бие бие рүүгээ хялайж хардаг, нулимдаг зангаа бүр мөсөн цэглэх шаардлагатай. 

Дээр дурьдсан бүхнийг цаг алдалгүй шууд барьж аваад бодитойгоор хийж хэрэгжүүлэх нь чухал. Бид урьдын адил яриад л суугаад байж боломгүй. Бид өөрсдийнхөө төлөө, үр хойчийнхоо төлөө энэ бүхнийг хамтдаа заавал хийх ёстой.

Эцэст нь, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон гишүүд, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, олон нийтийн байгууллагууд болон нийт ард иргэд та бүхэн энэхүү санаачлага, уриалгыг дэмжиж байгаа эсэхээ болон өөрсдийн санаа оноогоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Монгол түмэн маань бүгдээрээ хамтдаа өөдлөн дэвжих болтугай.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчины мэргэшсэн мэргэжилтэн Гончигийн Итгэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж