“Хөвсгөл явна” гэх сургаар яагаад ч юм бэ их догдолж билээ. Далай, ой мод, Хорьдал сарьдаг, Дархадын цэнхэр хотгор гээд энэ л нутагт үзэж харж, гайхан бишрэх байгалийн сайхан олон. Тэр дундаас сэтгэлийг маань соронзон мэт татаж байсан зүйл нь Даян дээрхийн агуй юм. Агуй судлаач Б.Авирмэд гуайн ярьж байснаар бол Бөөгийн шүтээнтэй, Монголд хамгийн алдартай агуй энэ юм. Тийм ч учраас Хөвсгөлд ирсэн юм чинь “Даян дээрхийн агуй үзчихээд явах юм сан” гэсэн бодол замын турш сэтгэлээс уяатай байв. Энэ алдарт агуй Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд бий. Бид Эрдэнэбулган сум, Эгийн голын эрэг дээр буудаллаж ойн тооллогын ажилтай танилцахаар болов. Эндээс Даян дээрхийн агуй 30 гаруй км-т байдаг гэдгийг сонсоод шууд л багийнхаа ахлагчид очиж үзэх хүсэлтэй байгаагаа хэлээдхэв. Х.Мичид дарга маань зөвшөөрч, Эрдэнэбулган сумын байгаль хамгаалагч Б.Жавхлантаар газарчлуулан манай багийнхан Даян дээрхийн агуйн зүг хөдөллөө. Зам нь их бартаатай юм. Үүрийн голыг машинаар гатлах боломжгүй учир завиар гаталлаа. 30 гаруй км гэдэг их л ойрхон санагдаж байсан ч бид Даян дээрхийн агуй ороход бараг л хагас өдөр зарцуулсан. Уаз-469 машины хүчийг үзэн нэлээд давхилаа. Агуйн наахна Даян дээрхийн сүм гэж байна. Тэнд түр амсхийн мөргөөд гарав.
Даян дээрхийн сүмд хотоос лам иржээ. 48 цаг нэг ч үг хэлэлгүй бясалган суусан лам өөрийн өмнө дэрсээр гал түлж ном уншина. Гал руугаа архи, шар тос хийж, байн байн дэрс нэмэн их л төөнөн асааж байлаа. Бид ч түүнтэй нэг ч үг дуугарсангүй өнгөрөв. Энэхүү хийдэд нэгэн үе 300 орчим лам, 1000 орчим шавь амьдардаг байжээ. Тэд Даян дээрхийн агуйгаа тахин, байгаль дэлхийгээ аргадан суудаг байсан түүхтэй. Өдгөө ч жил бүр Цагаан сарын шинийн 1-нээс 15-ны хооронд Хөвсгөл аймаг болон ойролцоох нутгийн лам нар ном хурж, Даян дээрхийн агуйг тахидаг гэлээ. Ер нь энэ агуйн зүг зуны цагт хөл хөдөлгөөн багатай юм. Шавар ус, намгаас нь айгаад хүмүүс зүглэдэггүй гэсэн. Харин гол ус хөлдөхийн цагт машины цуваа тасардаггүй бололтой. Бөөгийн шүтээнтэй, ариун дагшин газар учраас агуйд ирж мөргөсөн хүний зам мөр тэгш сайхан байдаг хэмээн нутгийнхан ярилцана.
Бид хийдэд орж мөргөөд цааш хөдөллөө. Ой мод сүлжин давхисаар нэгэн намагтай болов уу гэмээр газар ирэв. Машин маань намагт суугаад цааш явах арга алга. Аргагүйн эрхэнд гараад алхлаа. Өөрөөсөө өндөр өвс, намаг, хад чулууг туучин 6-7 км орчим алхаад хүсэн хүлээсэн агуйдаа ирлээ. Чингис хааны үед Даян дээрх хэмээх бөө амьдарч байжээ. Чингис хааныг ан авд мордсоны дараа хатан нь тэр бөөг урьж, бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян дээрх “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түүнийг нэхэж. Даян дээрх уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болсон түүхтэй. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ. Ийнхүү энэ агуйг “Даян дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж ирсэн байна.
Агуйд ороход миний төсөөлж байснаас их өөр байв. Агуй гэхээр хүн алхаад л явж болох байх гэж бодож байсан ч үгүй юм. Тэнд хад, ууланд авиралтын мастер хүн л ямар нэгэн зүйлд торохгүй явах болов уу. Яг л нэг жимээр хад өөд авирна. Усны гутал халтирна, дээр нь ямар ч барьц үгүй. Агуйд явах гэж нэлээд хөглөлөө. Даян дээрхийн агуй эхийн умай, ах дүү гурав, мөнхийн рашаан гээд арав гаруй хэсэгтэй. Зүг бүртэй олон ам бүхий хаалгатай юм байна. Эхийн умайд орсон хүн дахин эхээс төрсөн мэт болж, түүний үйлдсэн нүгэл хилэнц ариусдаг гэнэ. Эхийн умай нь маш жижиг нүхтэй учраас том хүн арай хийн чихэж ороод дотроо эргээд хүслээ шивнээд, толгойгоороо эргэж гарч ирэх нь ахин төрж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх ажээ. Мөн агуйд байх Мөнхийн рашаан, Авдрантын рашааныг уусан хүн урт насалдаг гэлцэнэ. Рашаан нь үнэр, амтгүй бөгөөд агуйн хананаас шүүрсэн ус хуримтлагдсан бололтой. Агуйн энэ хэсэгт очихын тулд зарим газраар мөлхөж, зарим газраар нь бөхийж явсаар агуйн мухарт хүрлээ. “Ах дүү гурвын рашаан” гэдэг, ялгүй хүхэрлэг амттай. Энэ рашааныг уусан хүны оюун ухаан сэргэг болдог гэж үздэг учраас “Оюун ухааны” рашаан ч гэж нэрлэнэ. Мөн дээр үед агуйгаар Оросын хил гарчихдаг нууц гарц байжээ. Одоо тэр нь нураад болохгүй болсон гэнэ.
Ийнхүү оюун ухаанаа сэргээж, урт наслуулдаг рашаан хүртээд, ээжийнхээ биеэс дахин төрөөд Даян дээрхийн агуйгаас буулаа. Бид 30 км зам явж, Даян дээрхийн агуйд мөргөхөд бүтэн өдрийн зарцуулсан байлаа. Гадаа бүрэнхий болжээ. Харанхуйд аглаг ой намаг, устай замаар алхана гэдэг хэцүүхэн санагдаж байв. Бид жим гарган бие биенээ дуудан алхсаар нэг л мэдэхэд машин дээрээ ирлээ. Одоо Үүрийн голыг гатлах хүндхэн ажил үлдсэн. Гол үертэй, тэгээд харанхуй. Ийм үед завиар гарна гэдэг хамгийн аюултай гэдгийг байгаль хамгаалагч Б.Жавхлант ах маань сануулсаар явав. Үертэй үед голоор үндсээрээ унасан том моднууд хөвж явах тохиолдол бий. Тийм зүйлтэй таарвал завинаас хүн амьд үлдэнэ гэж үгүй. Ийм л айдас дунд, голын эрэг дээр хонохгүйн тулд бид Үүрийн голыг гаталлаа. Ариун дагшин Даян дээрхийн шүтээндээ мөргөсөн болоод ч тэр үү бүгд зоригтой байв.
Манан буугаад Хөвсгөл нутгийн өглөө ер бусын сайхан. Даян дээрхийн агуйд очиж мөргөсөн болохоор бүх л ажил бүтсэн мэт сайхан мэдрэмж төрнө.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин