Wikileaks тагнуулын системийн үйлчлүүлэгчдийг нэрлэв
Викиликс /Wikileaks.org/ сайт тагнуулын байгууллагынхан сэтгүүлчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдийг тагнаж чагнахад ашиглаж буй цахим хяналтын (тагнуулын) систем худалдаж авсан, үйлчлүүлэгч орнуудыг илчилжээ. Энэ тухай мэдээлэл өчигдөр /09.15/ тус сайт мэдээлсэн юм.
2013 оны сүүлч хүртэл Их Британид төвтэй байсан “Гамма групп интернэйшнл”-ийн харьяанд байсан Финфишер (FinFisher ) нь OS X, Windows, Linux компьютер болон Android, iOS, BlackBerry, Symbian, Windows гар утасны төхөөрөмжийн программ, дотоод сүлжээнд нэвтэрч, тагнах, чагнах, мэдээлэл хуулах, яриаг замаас нь чагнах тагнуулын зориулалттай програм, хяналтын системийг боловсруулж, худалддаг гол компани юм.
Гэтэл Финфишерийн үйлчлүүлэгчдийн дунд Монгол Улсын нэр багтаж байгаа Викиликсийн мэдээлснээр Монгол Улс 2010 оны есдүгээр сараас 2013 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг худалдан авч, үүнийхээ төлөө 1.358.160 евро төлсөн байна.
Викиликс сайтад энэ талаар “Финфишерийн үйлчүүлэгчдээс хамгийн нөлөө бүхий орны нэг нь Монгол Улс гэдгийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Монгол Улс саяхан Цахим эрх чөлөө эвслийг даргалах орноор сонгогдсон нь санамсаргүй тохиолдол биш” гэж бичжээ.
Викиликс сайтын үндэслэгч Жулиан Ассанж "Финфишер эрх мэдлийг хамгийн их урвуулан ашигладаг улс орнуудад тагнуулын хяналтын систем, программ хангамжаа ичгүүр сонжуургүй худалддаг. Германы Канцлер А.Меркел аюулгүй байдалдаа санаа зовсон хүн шиг ярьдаг. Гэвч хийж байгаа үйлдэл нь эсрэгээрээ. А.Меркелийн Засгийн газар яагаад Финфишерийг хамгаалаад байгаа юм бэ? Бидний дэлгэж тавьсан эдгээр материалууд техник, технологийн институтэд энгийн иргэдийг Финфишерээс хамгаалж, системээ улам боловсронгуй болгоход тус болно” гэж мэдэгджээ.
Викиликс сайт 2011 онд Финфишерийн бүтээгдэхүүн болон бизнесийн талаар SpyFiles нэртэй нууц материалуудыг дэлгэх хүртэл Финфишерийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй байжээ. Харин тэд SpyFiles нэртэй материалыг анх дэлгэснээр шинжээчид Финфишерийн тагнуулын хяналтын системийг сэтгүүлч, улс төрийн тэрс үзэлтнүүд болон тэмцэгчдийг тагнаж чагнахад дэлхий даяар хэрэглэж буй тухай олон арван баримтууд гарч ирэх болсон байна.
Орчуулсан Н.ЭНХ