Яагаад баялаг бүтээгчидтэй барьцах ёстой гэж?

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Яагаад баялаг бүтээгчидтэй барьцах ёстой гэж?

Тавантолгойн ордыг ажилд оруулах алхмаас түрүүлээд алаагүй баавгайн арьсыг хуваах аян хүчтэй өрнөж байх шиг. Хувь хүнд үнэгүй өгөх хувьцааны тоог голж чамлаж ч байх шиг, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцаагаа өгч байгаа юм чинь бид бас авах ёстой гэж төрийн бус байгууллагууд барьцаж ч байх шиг. Ашгийн бус байх ёстой гэж тунхагладаг төрийн бус байгууллагынхан ч барьцаж эхэлнэ гэдэг ёстой л алаагүй баавгайн арьсны үлгэрийг са­наг­дуулам. Хүний амьдралд төдий­гүй улс, үндэстний түү­хэнд ганцхан тохиох, магадгүй дэлхийд ч ховорхон алтан бо­ломж болохоор арга ч үгүй юм. Одоо зарим нь шилжилтийн гэг­дэж байсан тэр түйвээнт үед сэрж, сэхээрч бүр муугаар нь хэлбэл, луйвардаад ч болох нь ээ “хөл”-тэй болох минь яалаа гэж амаа барин халагладаг шиг Тавантолгойн хувьцаа бол алдаж боломгүй баялаг гэж ад­гаж байгаа нь ойлгомжтой. Гэх­дээ яагаад аж ахуйн нэг­жүү­дэд нэрлэсэн үнээр нь хувь­цаа олгоно гэхээр уурлаж бу­химдаад байгаа юм бол? Хэн нэг нь тухайлбал, одоо ком­панитай өөрөөр хэлбэл, хөрөн­гө чинээтэй байгаа хэдхэн хүн нэмээд хөлжчих вий гэсэн мө­чөөр­хүү адгал энд бас харагдаж л байгаа. Хэдийгээр Монголд 50 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа гэдэг ч эдгээр нь зөвхөн 2700 гэр бүлийн өмч гэж нэг ухаантан нь тооцоо гаргаж. Магадгүй юм.

Тэгээд тэр хэдхэн гэр бүл хөлжиж, жирийн бид хохирч үл­дэх вий гэж аймаар байна уу? Үүнд бол иргэдэд хувьцаа үнэгүй өгнө гэсэн хариулт бий. Ха­рин тэртэй тэргүй баячуу­дад илүү боломж олгож хэдэн мянган хувьцаа нэрлэсэн гэх хям­­дарсан үнээр нь өгнө гэ­сэн хийрхүү омог бас нэмэр болж байх шиг. Ер нь бол ком­пани нэртэй үйл ажиллагаа явуул­даггүй, хэн нэгний ха­лаа­санд тамга нь бөмбөрч яв­даг хэсэг ч бий, хувьцааны сур­гаар гэнэт “амилсан” амьгүй ал­батууд ч бас бий л байх. Бас­хүү төдийгөөс өдий хүртэл бор зүрхээрээ зүтгэж, цөөн ч гэсэн хүмүүсийг цалинжуулж ажиллуулдаг жижигчүүд ч, охин компанийнхаа тоог мэ­дэхээ байсан шахуу томчууд ч бий. Гэхдээ ямар ч аж ахуй нэгж байлаа төрийн албатууд шиг төсвөөс цалин хүлээж, эсвэл амьдрал ядуу гэж хишиг горьдогсдоос тэс ондоо. Тэд хэнээс ч гуйхгүйгээр өөрсдийн­хөө амьдралыг болгоож, бүр цэ­цэг­лүүлж, өрөөлийн амьдралыг ч бас залгуулж яваа, ажилчдаа цалинжуулж бас татвараа төлж. Нэг үгээр хэлбэл, аж ахуйн нэгж гэдэг хуучны гэмээр нэртэй тэр эд эс болгон баялаг бүтээгчид. Тэд бол талх барьж, газар хагалж, үйлдвэр босгогчид. Тэд бас хуу­шуур хийж, хүний үс засч, гутлын ул тахалж, үйлчилгээ эрхлэгсэд. Тэд бас хаммер жийп хөлөглөж, хамгаалагч, тус­лагч хөлслөгчид, хүүхдүүд нь тансаглалын дээдийг эдлэгч гэж шар хэвлэлийн хуудаснаа гоочлуулагсад. Гэхдээ яагаад хүн өөрийнхөө бүтээсэн хөрөн­гөөрөө хүссэнээ хийж, өөрөөр хэлбэл, тансаглаж, аархаж, ямбалж болохгүй гэж… Дээрээс нь Тавантолгойн хувьцаанаас яагаад худалдаж авч болохгүй гэж. Нэг хэсэг Монголын баялаг 200-хан гэр бүлийн гарт байна гэж асан бол 2700 гэдэг бас ч том тоо сонсогдож байна. Монголд 2700 манлайлагч байна гэдэг гоё тоо биш үү?

Угаас нийгмийг оюун санаа­ны хувьд ч санхүүгийн хувьд ч чирж явдаг хэсэг нь цөөхөн хүмүүс байдаг. Хүн болгон санс­рын нисэгч болдоггүй. Тэр тусмаа хүн болгон компанийн захирал болж бусдын өмнөөс үүрэг хариуцлага үүрэн, удир­дан манлайлагч байж чаддаггүй. Тэр тусмаа тэнэг хүн мөнгө “хийдэггүй”, мөнгөтэй хүн зал­хуурч суудаггүй. Тэд баялаг бүтээж, татвар төлж, бусдыгаа цалин­жуулж байгаагийнхаа тө­лөө үгүйдээ л компани байгуулж чадсан “бяр”-ынхаа хүчинд нэр­лэсэн үнээр хувьцаа авах эрхтэй. Тэгээд ч ямар зүгээр авах гэж байгаа биш. Хамгийн гол нь тэд нэрлэсэн үнээр хувьцаа ху­далдаж авах чадалтай, басхүү зүгээр өгсөн хишиг гээд бал­гал­заад өлбөлзөөд өнгөрөх тэ­нэ­гүүд биш. Ер нь ингэхэд нэрлэсэн үнээр авсан хувьцааг идээд уугаад дуусгачихна, хэд­хэн гэр бүлийн хоол болно гэж хэн хэлээд байгаа юм бэ? Харин төдийгөөс өдий хүр­тэл авч явсан компаниа өө­дөлж дэвжээхэд зарцуулах хү­сэл үндэсний компаниудад маань буцалж байгаа гэж ит­гэж байна. Нэрлэсэн үнээр ав­сан хувьцааны үнэ өсөөд ирэхийн цагт зарж борлуулаад компанидаа хөрөнгө оруулалт хийх, эсвэл Тавантолгойн их бүтээн байгуулалтад ч хүчээ өргөх хүсэл бий гэж найдаж байна, үндэсний аж ахуйн нэг­жүүдэд маань. 

Энд төрөөс төрсөн тэр­бумт­нууд хийгээд, луйвар хул­гай аргаар хөлжигсдийг огт хэ­лээгүй юм шүү. Хэн нь шударга бус замаар хөрөнгөтэй өөрөөр хэлбэл, нь шударга бус замаар хөрөнгөтэй компанитай болсон нь жичдээ хууль хяналтынхны харж, хянах, шийдэх ёстой асуу­дал.. Харамсалтай нь тэд, одоо ч мянга хашгираад ч луйврын мөнгөөр боссон, улстөрчдийн халаасанд байдаг компаниудыг ялгаж салгаж чадахгүй. Одоо луйвар, хулгай хийж байгааг нь ч илрүүлж чадахгүй байгаа юм чинь. Басхүү хувьцаа хуваах сургаар хий компани байгуулсан эсэх тухай асуудлыг ч шалгадаг хянадаг байгууллага нь бий. Тэр ч утгаараа зохих ёсоор татвараа төлж байсан болон 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан гэх мэт цаг хугацааны шалгуур ч тавьсан байгаа шүү дээ.       

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж