Мөн Ч.Сангарагчаа батлан даалтанд гарах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй аж. Албаны эх сурвалжийн хэлснээр “Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн л бол батлан даалтад гарахгүй” гэсэн хариулт өгч байна.
Төрийн нууц задруулсан хэргээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгуулж буй Б.Нямхандад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, тус газраас нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсайгийн хяналтад өчигдөр шилжүүлжээ. Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Нямханд нь Сөрөх тагнуулын газарт 2008 онд ажиллаж байхдаа нууцад хамаарах баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-оор эрүүгийн хэрэгт татагдан “Цагдан хорих төв”-д хоригдож буй юм. Түүний өмгөөлөгчөөр гавьяат хуульч Т.Жанцан ажиллаж байна.