7 сарын 1-ний хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг сэргээж, мөрдөн байцаалтад буцааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа сунжирч байгааг  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэж албаныхан  тайлбарлаж байгаа. Бид энэ удаа уг хэргийн Ажлын хэсгийн ахлагчтай уулзсан хохирогч Ц.Энхбаяраас /Түүний хүү 2008 оны 7 сарын 1-нд амь үрэгдсэн юм/ зарим асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэг мөрдөн байцаалтын шатанд нэлээд удаж байна. Та ажлын хэсгийн ахлагчтай уулзсан гэсэн. Ямар хариулт хэлж байх юм?

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дэд дарга, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Батболдтой өчигдөр /уржигдар/ уулзсан. Надад хэлэхдээ, “Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Энэ ажиллагаа дууссаны дараа хохирогчид хэрэгтэйгээ танилцах учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Нэмэлт мөрдөн байцаалтыг удахгүй дуусгах бодолтой байгаа”  гэсэн хариулт өглөө.

-Таныг энэ хэргийн үнэн мөнийг шийдүүлэх гэж уйгагүй явж байгаа хүний нэг гэж ойлгодог. Та одоо ч гэсэн бусад хохирогчидтой холбоотой байж чадаж байна уу?

-Хохирогчидтой холбоотой байгаа. Одоохондоо хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа болохоор бид үргэлж уулзаад, энүүгээр тэнүүгээр ирээд байх шаардлагагүй байх гэж бодож байна. Мөрдөн байцаалт дууссаны  дараа прокурор, шүүхийн шатанд өмнөх шиг хэрэгсэхгүй болох зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол хохирогчдын ар гэрийнхэн хэлэх үгээ хэлнэ. 

-Та олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-“Эмнести интернэшнл” хүний эрхийн байгууллагатай байнгын холбоотой байдаг. Олон улсын байгууллагад хандана гэдэг нь эхний ээлжинд НҮБ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдөл, гомдол гаргана гэсэн үг л дээ. Ингэхийн тулд тухайн улсад дээрх асуудал нэг тийшээ шийдэгдсэний дараа хохирогч гомдолтой бол хандах эрх нь нээгддэг юм билээ. Тэгэхээр энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг харна. Хэрэв эзэн холбогдогч тогтоогдохгүй, уг хэрэгт буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй бол олон улсын байгууллагад хандах болно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж