“Дорнын саруул зам” хоршооны хэсэг жолооч нар өнөөдөр Зам тээврийн яамны гадаах талбайд цуглаан зохион байгууллаа. Тэд Улаанбаатар хотоос-Дархан-Уул аймаг руу зорчих нийтийн тээврийн үйлчилгээнд “Дорнын саруул зам” хоршооны жолооч нарыг явуулах эрх олгохыг хүсч байгаа юм.
Одоо дээрх чиглэлд “Тээвэр ачлал” компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа ч тус хоршооныхон түүнийг хууль бус хэмээн буруутгалаа. Өмнө нь буюу өнгөрсөн хоёрдугаар сард “Дорнын саруул зам” хоршооныхон дээрх үндэслэлээр Зам тээврийн яамны гадаа жагсаж, бас өлсөнө хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тус хоршооныхон өмнө нь Улаанбаатар хотоос-Дархан-Уул аймгийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан ч салбарын газраас энэ эрхийг нь цуцалсан. Гэтэл жолооч нар банкнаас зээл авчихсан байсан бөгөөд түүнийгээ цаг хугацаанд нь төлөхөд хүндрэлтэй учирч байгаа тул бодит байдлыг харгалзан үзэж хууль журмын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгнө үү хэмээн хүсэлтээ тавьж байсан удаатай.
Г.БОЛОР