Өнгөрсөн долдугаар сарын 29-нд АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамтаар саатуулахдаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө идсэн байж болзошгүй хэмээн буруутгасан билээ.
Өнөөдөр(09.15) Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндэсний аудитын газар нь “Багануур” хувьцаат компани, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компанийн хооронд хийсэн тоо, хэмжээг өөрчилж, 29 мянгаар зарагдсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарагдах ёстой байсан гэсэн нь хууль зөрчиж байна. Үндэсний аудитын газар төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргадаг байгууллага болохоос хоёр хуулийн этгээдийн хооронд хийсэн гэрээн дээр тайлбар хийж, хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж тайлбар хийдэг байгууллага биш юм. Тэгээд ч гэрээнд шуудайлсан жингээс тооцоо хийнэ гэж заасан байтал Аудит н.Ичинхорлоо нь воганоос ачуулсан жингээс тооцоо хийнэ гэж 2-3 тэрбумын орчим төгрөгийн зөрүү гаргаад байна. Аудит н.Ичинхорлоотой уулзахад “АТГ-аас ажилтныхаа дүгнэлтийг түүнд үзүүлж, үүнээс зөрүүтэй дүгнэлт гаргаж болохгүй, та үүнээс өөр дүгнэлт гаргахгүй биз дээ. Өөр дүгнэлт гаргавал танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж АТГ-аас сануулж, дарамталсан байдаг. Энэ бол хууль бус үйлдэл юм. АТГ нягтлан бодогчтой хамтарч ажиллаж болохгүй. Мэргэжлийн хүн мэргэжлийн дүгнэлтээ гаргах ёстой. Аудитын нягтлан бодогч нэг дүгнэлт гаргаж ирээд түүнийгээ шинжээчид харуулж байгаад батлуулдаг, мөн АТГ нь аудитын газрын дүгнэлтийг харж, айлгаж байгаад хувийн шинжээчийн байгууллагыг оруулаад батлуулдаг ийм практик тогтох юм бол Монгол Улсад хэлмэгдэхгүй хүн гэж байхгүй” гэлээ. Мөн тэрээр АТГ-т худал дүгнэлт гаргаж өгөөд байгаа албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагад өгсөн ч хангалттай ажиллаж чадахгүй байна гэв.
Харьяалалын дагуу Үндэсний аудитын газрын аудит н.Ичинхорлоог Чингэлтэй дүүрэгт, хувийн хөндлөнгийн шинжээчийн байгууллагын аудит н.Оюун-Эрдэнэ нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулж байгаа аж. Эдгээр хүмүүст тусгай зөвшөөрөл байж болно. Гэвч мэргэжлийн үүднээс үнэн зөв мэдээлэл гаргаж өгөөсэй гэж тусгай зөвшөөрлийг өгч байгаа боловч үүнийг ашиглаад буруу тоо баримт гаргаж, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлээсэй гэж энэхүү эрхийг өгөөгүй. Тиймээс бид шинжээчидтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар заавал шалгуулна. Ийм шинжээч нар олон хүнийг хэлмэгдүүлнэ гэдгийг тэр мөн онцоллоо.
Тэрээр цааш хэлэхдээ хэрэг одоо мөрдөн байцаалтад явж байна. Л.Гансүх зөвлөхөөс нэг ч удаа байцаалт аваагүй байна. АТГ-ын байцаагч н.Золжаргалын зүгээс шинжээчийн дүгнэлтийг танилцуулахгүй байна. Мөн байцаалт авахгүй байна. Явахдаа би хэлнэ ээ гэчихээд ганцаараа очиж, өөр өмгөөлөгч аваач гэж Л.Гансүх, н.Тулга нарыг ятгаж байна. Ц.Баасандорж өмгөөлөгчөөс татгалзаач гэсэн саналыг тавьж байна. Ийм байдлаар өмгөөлөх үйл ажиллагаанд саад учруулж байна. Үүнээс харахад энэ байгууллага мөрдөн байцаах байгууллага мөн үү. Ийм байдлаар яаж хэрэг шалгах вэ? гэв. Мөрдөн байцаагчийн хувьд өмгөөлөгчийн эрхэнд халдах эрх байхгүй. АТГ их улс төржиж байна. Нэг л өдөр хүний 40 жил амьдарсан амьдралыг үгүй хийдэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад нь хийсэн мэт зарладаг ийм улс төрийн байгууллага болсон байна. Энэ бол мэдээж тогтолцооны гажуудалтай холбоотой гэлээ.
Тэрээр энэ хугацаанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй 6-7 удаа уулзсан байна. Цагдан хорих хоёр сарын хугацаа нь дуусах үед хорих хугацааг сунгахгүй байх талаар батлан даалтад гаргах хүсэлтийг өгөх аж.
Ч.БОЛОРЧУЛУУН