Эрчим хүчний салбарын 2014 оны есдүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан 5 системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлийн их ачааллын горимыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мөрдөн ажилладаг.
Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил, 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил, ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр төлөвлөснөөс 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил, туслах тоноглолын их засварын ажил тус бүр 80 хувь хөрөнгө оруулалтын ажил 60 хувь, ТЗБАХ-ний ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, салбарын дүнгээр 75 хувийн биелэлтэй байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.