Жил бүрийн хавар UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллага “Номын баяр” зохион байгуулдаг болоод өдгөө найм дахь жилдээ үргэлжилж байна.
Энэ удаагийн “Номын баяр” өнөөдөр МУИС-ийн хоёрдугаар байрны өмнөх талбайд нээлтээ хийж ном хэвлэлийн салбарт тэргүүлэгч Монсудар, Сэлэнгэпресс, Соёмбо принтинг, Мир номын худалдаа, Мөнхийн үсэг, Эмпати ертөнц, Шилдэг ном цуврал, ШУА-ийн түүхийн хүрээлэн зэрэг 30 гаруй байгууллага, уран бүтээлчид оролцон ном бүтээлээ дэлгэжээ. Гурван өдрийн турш үргэлжлэх эл арга хэмжээнд оролцсноор бүх номыг 30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна. Мөн зохион байгуулагчдын зүгээс ном сонирхогчдодоо “Монголын хамгийн том ном”-ыг дэлгэн харуулах юм. Эл номд чухам юун тухай өгүүлснийг “Номын баяр”-т хүрэлцэн очиж сонирхоорой.
Б.УНДРАХ