Пүүжээгийн эх орон одоо ч хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Пүүжээгийн эх орон одоо ч хэвээрээ

Төв аймгийн Баянчандмань суманд ээж, эмээ, дүүгийнхээ хамт амьдардаг байсан Пүүжээ гэж хэвлүүхэн охины тухай япон найруулагчийн хийсэн баримтат кино байдаг. Японы NHK телевизийн сэтгүүлч, зураглаач Сэкио Еошимура Монголд аялж явахдаа хөдөөгийн малчин айлын зургаан настай охинтой таарч, түүний дүрээр Монголын нийгмийн эмзэг, халшрам сэдвүүдийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр харуулж чадсан юм. Пүүжээгийн дөрвөн жилийн амьдрал гардаг, Пүүжээтэй дахин уулзах боломжгүй болж төгсдөг тэр киног Сэкио Еошимура 2000-2004 оны хугацаанд хийжээ.

 

 

Пүүжээ тэгэхэд Улаанбаатараас 72 км-ын зайд байдаг Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байлаа. Нийслэлийн хаяанд шахам аж төрдөг малчин айлын зургаахан настай Пүрэвсүрэн охин өрх толгойлсон ээжийнхээ эзгүйд гэрт орж эм, гадаа гарч эр болно гэдэг шиг эрсдэл дүүрэн амьдралыг бяцхан биедээ үүрдэг байв. 

…Пүүжээ 2000 онд сургуульд орлоо. Тэр үед Пүүжээгийн ээж адуунд явж байгаад осолдож бэртсэнээс болоод зуурдаар нас барсан байв. Ээжийгээ алдсан Пүүжээ гэрт нь ирдэг болсон япон найзуудынхаа нөлөөгөөр “Том болоод орчуулагч болж, Японд очиж сурна аа” гэж мөрөөдөх болсон нь кинон дахь ярианаас их тод харагддаг. 

Эмээ, дүү хоёртойгоо үлдсэн Пүүжээгийнд Японы сэтгүүлчид жил бүр шахам ирдэг байжээ. Харамсалтай нь, хамгийн сүүлд тэднийг очиход Пүүжээ өөрөө байхгүй болж, энэ хорвоог үүрд орхин, ээжийнхээ араас явсан байлаа. Кинонд тодорхой өгүүлснээр Пүүжээ 2004 оны долдугаар сард гэр рүүгээ харьж яваад автын осолд орж, алтан амиа алдсан юм. Түүнийг дайрсан жолооч ул мөрөө баллан арилж, Пүүжээгийн ядарсан эмээ, дүү хоёрт хэзээ ч гүйцэгдэхгүйгээр алга болсон гэдэг…

Пүүжээ минь дээ… Хэрсүү, хэвлүүхэн, сэргэлэн, хөдөөний хөөрхөн бор охин минь дээ…  Яг чам шиг арваадхан настай цэцэг цэврүү шиг охид, хөвгүүд аав шигээ, ээж шигээ хүмүүсийн гарт алтан амиа алдсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд яг чам шиг 13-хан настай хөөрхөн охиноо аав, ээж нь эцсийн замд үдлээ. Тэр охин бас л чам шиг гэрээсээ сургууль руу гаа гүйж яваад, хурд хэтрүүлсэн жолоочийн буруугаас хайртай бүхнээ орхин явлаа.

Энэ эмгэнэлт хэрэг наймдугаар сарын 10-ны өглөө гарсан юм. Талийгаач Ц ……дугаар сургуулийн сурагч бөгөөд өглөөний 08 цагийн орчимд сургууль руугаа очихоор зам гарч яваад СЭҮ 00-22 улсын дугаартай Hyundai Elentra маркийн цагдаагийн машинд мөргүүлж, газар дээрээ амьсгал хураажээ. Машиныг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаяр жолоодож явсан ба ажлаар Улаанбаатарт ирсэн байсан юм. Ослыг харсан зарим гэрчүүдийн яриагаар бол охин Дэнжийн мянга талаасаа зам гарахаар явган хүний гарцаар алхаж явсан байна. Энэ үед Долоон буудалаас хотын төв рүү чиглэсэн зам түгжрэлтэй байсан бөгөөд цагдаагийн машин урсгал сөрөн давхиж явсан нь охиныг дайрсан цагдаа байжээ.

… Ийм сэтгэл өвтгөм, түгшээртэй мэдээг аль болох сонсмооргүй байвч нэг л мэдэхэд нэг сайхан хүү, нэг сайхан охин автомашины осолд өртөх нь дэндүү олшроо юу гэж санагдах боллоо.

Зөвхөн энэ хичээлийн жил өнгөрснөөс хойшхи арав гаруйхан хоногийн хугацаанд гэхэд нийслэлийн хэмжээнд 34 /өнгөрсөн долоо хоногийн байдлаар/ хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг хүүхэд нас баржээ.

2014 он гарснаас хойш есдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 2447 хүн /Улаанбаатар хотын хэмжээнд 1370 хүн, орон нутагт 1077 хүн/ цаг бусаар амиа алджээ. Эдгээрийн нилээд хэсгийг автомашины осол эзэлнэ. Бас нилээдийг нь хүүхэддээ анхаарал тавиагүйн алдаа эзэлнэ. Усанд осолдсон иргэдийн мэдээллээс харахад л 0-10 насны 46 хүүхэд энэ нэг жилийн хугацаанд эндсэн байна.

Өнгөрсөн 2013 онд 37 хүүхэд автомашины ослоор амиа алдсан тухай гашуун тоо бий. Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор /2013 оны байдлаар/ 37 хүүхэд нас барж, 197 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтжээ. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд нийт 100 гаруй хүүхэд зам, тээврийн осолд өртсөн тухай тоо баримтыг албаны хүмүүс өгч байна.

Энэ бүхэн арай хэтийдсэн, үр хүүхдээ хайрлахгүй, бусдын амьдралыг хүндлэхгүй байгаагийн жишээ биш гэж үү?

Дээр өгүүлсэн Пүүжээгийн тухай кино монголчуудад хүрсний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга “Пүүжээгийн эх орон” гэж нийтлэл бичиж байсныг хүмүүс уншиж байсан биз ээ. Түүнд,

“…Пүүжээтэй адил хүүхдүүд хөдөө зөндөө бий. Тэдний хүслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа. Тэр бяцхан иргэдийн хэд нь Пүүжээ шиг арван хоёрхон насандаа үл биелэх гэгээн мөрөөдлөө тээн эргэж ирэлгүйгээр одсон бол, одох бол… Олонхи монгол хүүхдүүд яагаад мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм бол оо гэсэн бодол тээсээр киног үзэж дуусгав. Ай хөөрхий Пүүжээ…” гэж бичсэн байдаг.

Ай хөөрхий, Пүүжээ. Арваад жилийн өмнө чамд тохиолдсон хагацалыг туулсаар, арваад жилийн өмнө чиний амьдарч байсан эх орон чинь адармаатай хэвээрээ л байна даа, Пүүжээ минь.

Алаг үрсээ алагчлалгүй хайрлах зүрхгүй араатан шиг хүмүүс хорвоогоор дүүрэн байна, ядаж л аминдаа хайргүй хүмүүс монголоор дүүрэн байна, яана даа.

Б.БАДМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж