Улс газрын доорх баялгаа мөнгө болгох нөр их ажлыг эхлүүлээд байна.
Тавантолгой, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Тал булаг, Хөөт
зэрэг нүүрсний болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын
томоохон ордуудын эдийн засгийн эргэлтэд оруулахаар эхнээс нь бэлтгэл
ажлыг хийж буй. Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхтэй
уялдуулан дэд бүтцээ хөгжүүлэх бүтээн байгуулалтын шавыг тавьсны нэг
нь Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн
чиглэлийн 1100 километр төмөр зам. Энэхүү төмөр замаар Монголын баялаг
гадаадын зах зээлд гарч, сая саяар тоологдох мөнгө болон хувирах ёстой.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шатанд
Монгол Улсад ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе
шаттайгаар шинээр барихаар тусгасан юм. Дэд бүтэцгүйгээр, гадаад зах
зээлд гарахгүйгээр Монголын баялаг үнэд хүрэхгүй нь ойлгомжтой. Ихээхэн
хэмжээний мөнгөтэй болохын тулд монголчуудад багагүй мөнгө хэрэгтэй
байна. Бага чулуугаар их чулууг доргиох их наядаар хэмжигдэх мөнгөний
эрэлд Монгол Улс гараад байна.
Нэг километр төмөр зам барихад
өнөөдрийн хар зургаар 2-2.5 сая ам.доллар хэрэгтэй гэнэ. Үүнийгээ 1100
километрээр үржүүлээд гарсан тэр их мөнгийг өнөөхөндөө Монгол Улс
халааснаасаа “май” гээд шидчихэж чадахгүй нь тодорхой. Тиймээс
хөгжлийн түлхүүр хэмээгдээд байгаа Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний
бонд гаргахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Гэхдээ тэрхүү бонд шинэ
төмөр замыг түлхүүрдэх төдий гэхэд буруудахгүй. Учир нь Хөгжлийн
банкнаас гаргах 800 тэрбумын бондоос төмөр замын бүтээн байгуулалтад
ердөө л 32 тэрбумыг нь өгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Мэдээж, шинэ
төмөр зам барьснаар жилээс жилд экспорт нь нэмэгдэж байгаа уул уурхайн
төслөөс орж ирэх мөнгөний хэмжээ ихэснэ гэсэн үг. Хэрвээ хөрөнгө
мөнгөний гачаалаас бол шинэ төмөр замыг барих ажил удааширбал, Монголын
баялаг Монголдоо “хог” болно.
Олборлосон эрдэс баялгаа
үнэгүйдүүлэхгүйн тулд шинэ төмөр зам барих хугацаа тун
богинохон, тодруулбал 2-3 жил дотор
Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн
чиглэлийн 1100 километр төмөр замыг босгохоор Монгол Улс хичээж
байна. Төлөвлөсөн хугацаандаа “морио” барихын тулд дараагийнхаа
мөнгөний эрэлд “Монголын төмөр зам” компани гарчээ. Учир нь
Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн
чиглэлийн 1100 километр төмөр замын суурь бүтцийг барих тусгай
зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид төрөөс олгосон бөгөөд тэр
эрхийнхээ дагуу Монголын төмөр зам” ТӨХК-ийн ирээдүйд олох ашгийг
тооцоолсны үндсэн дээр, нийт хувьцааны 49 хувийг Монголын хөрөнгийн
биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй
арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ.
Төмөр замын техник,
эдийн засгийн үндэслэлийг “McKinsey &Company”-иар хийлгэхээр гэрээ
байгуулан, ажлаа эхлүүлээд буй бол “Улаанбаатар төмөр зам” хувь
нийлүүлсэн нийгэмлэг, “Дорнын төмөр зам” ХХК төмөр зам барих ажлыг
гардан гүйцэтгэх эрх авсан. 1520 мм буюу өргөн цариг бүхий уг төмөр
замыг барих ажлыг түргэвчлэхээр “Монголын төмөр зам” компани хөрөнгийн
зах зээлээс мөнгө босгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ сарын 9-нөөс эхлэн
тус компанийн үнэт цаас Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдах
болсон билээ. Тус компанийн гаргаж буй 226 мянган ширхэг хувьцааны нэг
бүрийн нэрлэсэн үнэ нь 100 төгрөг байх бөгөөд тэндээс дор хаяж 26 сая
төгрөг эхний ээлжинд босохоор байгаа. Дотоодын хөрөнгийн зах зээлээс
босгосон хөрөнгөө “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах
бодлого”-д туссан эхний болон хоёр дахь төмөр замын суурь бүтцийг
барихад зарцуулах юм байна. Эхний шатны төмөр замыг барихад нийт гурван
тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан
бол хоёр дахь шатанд Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуун
сухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим
километр замын суурь бүтцийг барьж эхлэх гэнэ.
Төмөр зам барих
төрийн “хар хайрцаганд” тусгаснаар дараагийн хөрөнгөө монголчууд
стратегийн хөрөнгө оруулагчдаар гаргуулахаар төлөвлөөд буй. Үүний тулд
УИХ-аас гаргасан 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн Цанхийн баруун
хэсэгт зарласан стратегийн хөрөнгө оруулагч тодруулах тендерт өрсөлдөж
байгаа зургаан компанийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Монгол Улсын төмөр
замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө гаргаж чадахуйц компани
тендерийн ялагчаар тодорно.
Ийнхүү нүүрсээ, алтаа, жоншоо, цайр,
зэсээ тээвэрлэж, дэлхийн зах зээлд гаргахын тулд, тэрхүү эрдэс баялгийн
замын саад бэрхшээлийг нь арилгах үүднээс дэд бүтцийн асуудлыг шийдэхээр
Монгол Улс урд хормойгоо урж, хойд хормойгоо нөхөж байна. Яг үнэндээ
“чи юу тарина түүнийгээ хурааж авна” гэдэг шүү дээ.
-Анх 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ.
-Төмөр
замын талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 оны зургадугаар сарын 6-нд
УИХ эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл,
Тавантолгой-Сайншанд-Чойбалсанчиглэлд 1100 км төмөр зам барихаар болов.
-“Төрөөс
төмөр замын тээврийн тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе
шатны бүтээн байгуулалт, барилгын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол
Улсын Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 283
дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг
“Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо.
-“Монголын төмөр зам” төрийн өмчит компанид төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг 2011 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр гардуулав.
-Чойбалсан-Баруун-Урт
Сайншанд Зүүнбаян, Цагаан суварга-Таван толгой-Ухаа худаг-Даланзадгадын
чиглэлийн 1100 км урттай шинэ төмөр зам барих их ажлын шав тавих ёслол
2011 оны дөрөвдүгээр сарын 22-нд болов.
-“Монголын төмөр зам” компанийн хувьцаа 2011 оны тавдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр арилжаалж эхэллээ.