Азийн наадам хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Азийн наадам хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ

-Эрэгтэй 29 баг өрсөлдөж байгаагаас Саудын Араб, БНСУ, Палистин, Тажикстан, Ирак, Япон улсын шигшээ баг эхний хожлоо авлаа.-

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 20-нд нээлтээ хийх бөгөөд аравдугаар сарын 4-нд өндөрлөнө. 17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд (OCA) багтдаг 45 орны баг шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө.  Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.

17 дахь удаагийн Азийн наадамд оролцох Монгол Улсын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдсон бөгөөд спортын 23 төрлөөр 240 орчим тамирчид оролцоно. Мөн албаны хүн, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, ивээн тэтгэгч нийлсэн 100 гаруй хүн Инчон хотыг зорих аж. 

Азийн наадам хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг оролцож байгаа бөгөөд өчигдөр хэсгийн эхний тоглолтууд боллоо. Эрэгтэй 29 баг найман хэсэгт хуваагдсан бөгөөд тэмцээний хуваарийн дагуу “А”, “С”, “D” хэсгийн эхний тоглолтууд болж, Саудын Араб, БНСУ, Палистин, Тажикстан, Ирак, Япон улсын шигшээ баг эхний хожлоо авлаа. Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд “В”, “Е”, “F”, “G”, “H” хэсгийн эхний тоглолтууд болно.

Эмэгтэй 11 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас өчигдөр/09.14/ БНСУ, Энэтхэг, Тайланд, Мальдив БНУ-ын багуудтай “А” хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ хэсгийн эхний тоглолтод Энэтхэгийн баг Мальдив БНУ-ын багийг 15-0-оор, БНСУ-Тайландын багийг 5-0-ийн харьцаагаар хожиж, гурван оноогоо авчээ. Өнөөдөр “В” хэсгийн Йордан-Тайвань, БНХАУ-Тайваний улсын багуудын тоглолт болно. Харин маргааш “С” хэсгийн Хойд Солонгос-Вьетнам улсын хөлбөмбөгч бүсгүйчүүд эхний тоглолтоо хийх юм.

Хөлбөмбөгийн тэмцээнүүд Инчон, Куян, Ансан, Хвасон зэрэг дөрвөн хотуудад болж байна.

 

Хойд Солонгосын төрийн далбааг буулгалаа

Өмнөд болон Хойд Солонгосын зөрчилдөөн арилаагүй байгаа энэ үед Умардын тамирчид Азийн наадамд оролцож байна. 17 дахь удаагийн Азийн наадамд Хойд Солонгосын тамирчид спортын 14 төрөлд эрэгтэй 70, эмэгтэй 80 нийт 150 орчим тамирчин оролцоно. Тэдний түрүүч өнгөрөгч баасан гаригт Инчон хотноо хүрэлцэн ирлээ. Тус улсын тамирчидтай холбоотой асуудал эхнээсээ гарсаар байна. Хойд Солонгосын хөлбөмбөгийн тамирчдын бэлтгэл хийж буй талбайн ойролцоо “Хойд Солонгосын тамирчид Инчон хотод болох Азийн наадам оролцож байна” гэсэн уриаг өлгөсөн бөгөөд түүнийг харсан умардын тамирчид БНАСАУ гэж бичихийг шаарджээ. Бидний эх орон бол Хойд Солонгос улс биш харин БНАСАУ юм гэсэн тэдний хүсэлтийг биелүүлж, цаашдаа тэднийг бухимдуулахгүй байх ямар нэгэн үйлдэл хийхгүй байхаар зохион байгуулагч орон хичээж байгаа аж. 

Өнгөрөгч бямба гаригт (09.13) Азийн наадамд оролцож буй 45 улсын төрийн далбааг, тэмцээний гол гол тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд өлгөсөн. БНСУ-ын хуульд заасны дагуу тус улсын тусгаар тогтнолд нь заналхийлдэг улсын төрийн далбааг мандуулах ёсгүй бөгөөд ийм орны тоонд Хойд Солонгос улс багтдаг байна. Үүний дагуу өмнөдийн зарим иргэд болон олон нийтийн сайн дурын байгууллагынхан Хойд Солонгосын төрийн далбааг яаралтай буулгахыг шаарджээ. Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага иргэдийн шаардлагыг хүлээн авч Хойд Солонгосын төрийн далбааг буулгасан бөгөөд цаашид дээрх газраас өөр бусад газар тэмцээнд оролцож буй 45 орны алиных нь ч төрийн далбааг мандуулахгүй байхаар шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Хэдийгээр Хойд, Өмнөд Солонгос Улсын багагүй зөрчилдөөнтэй эхэлсэн ч 17 удаагийн Азийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулахаар Зохион байгуулах хороо идэвхтэй ажиллаж байна. Азийн наадмын бэлтгэл болгож, заалны болон танхимын спортын наадмыг зохион байгуулж байсан Инчон хотын хувьд зохион байгуулалт, санхүүжилт, үйлчилгээ зэрэг бүхий л талаар онцлог наадам явуулна гэсэн уриатай ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Азийн орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг тус наадмыг Тайланд улс хамгийн олон удаа 1966, 1970, 1978, 1998 онуудад зохион байгуулжээ. БНСУ гурав, БНХАУ, Япон, Энэтхэг улс тус бүр хоёр, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулаад байна. 

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш алтан медалийн буухиа тасраагүй. Өдгөө нийт 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл медаль, нийт 116 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж