Эхний асуудал болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс Ардчилсан намын бүлгийн гишүүд завсарлага авсан тул алгасав. Удаах нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл байсан ч Засгийн газраас хариуцан оруулах хүмүүс ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулав. Ингээд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Зарлигийн зарим заалт, хэсгийг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Түүгээр Эхийн нэгдүгээр зэргийн одонг зургаа, хоёрдугаар зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгохоор заасан хуулийн заалтад зохих өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Ингэснээр төрүүлсэн хүүхэд нь нэгээс дээш насандаа нас барсан, сураггүй болсон, гурав хүртэлх насанд нь хүүхэд үрчилж авсан эхчүүдийг одонгийн болзол хангасанд тооцохоор болж байгаа юм. Харин хүүхдээ төрүүлсэн ч бусдад үрчлүүлсэн эхийн айлд өргүүлсэн хүүхдийг тооцохгүй юм байна. Гишүүн Ө.Энхтүвшингийн тойрогт эх нь нас барж, эцэг нь тэнэж алга болсон дөрвөн өнчин зээгээ өсгөж буй буурай байдаг аж. Түүнийг олон хүүхэдтэй эхийн тоонд оруулж, одон хүртээж болох эсэхийг лавласан юм. Ийм тохиолдолд Халамжийн хуулиар зохицуулна гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнээр байнгын хороны хуралдаан өндөрлөв.
Дөчөөд минут хүлээлгэж, арван минут хуралдав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн ирцийг гүйцээх гэж дөчөөд минут зовцгоов. Гэхдээ ирц бүрдмэгц хурал 10 минут л үргэлжиллээ.
Д.ОЮУН