Монголчууд шинэ жишиг тогтоож чадлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Монголчууд шинэ жишиг тогтоож чадлаа

-“Дэлхий нийт ярвигтай цаг үед ирээд байна. Энэ цаг үед өөрсдийгөө зөв тодорхойлж, байршлаа зөв олох нь биднээс ухаан шаардаж байна. Душанбегийн уулзалт өөрсдийгөө тодорхойлох, зөв байршихад чухал алхам боллоо” хэмээн нийтлэлч Баабар дүгнэжээ-

 

 

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, эдүгээ хөгжлийн хувьд бусдад гайхуулаад байх хэмжээнд хараахан очоогүй байгаа Тажик улсын нийслэл Душанбе хот Монголын гадаад харилцааны түүхэнд содон, шинэ үзэгдлийн гэрч болон тэмдэглэгдэн үлдэх боллоо.

Тус хотод есдүгээр сарын 12-ны өдөр зохиогдсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтын өмнөх өдөр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаагаа нүүр тулан уулзлаа.

Монгол, ОХУ, БНХАУ бол хөрш орнууд. ОХУ ЕвроАзийг тэгнэн оршдог бол БНХАУ Ази тивийн дийлэнх газар нутгийг эзлэн оршдог их гүрнүүд. Ингэж гурвуулаа нүүр тулан уулзах, гэхдээ Монголын нийслэл Улаанбаатар хотноо уулзах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн дөрөвдүгээр сард хөрш орнуудын тэргүүн нарт тавьсан юм. Санал тавьснаас хойш ийм богино хугацаанд гурван талт уулзалтыг зохион байгуулах тийм ч амар ажил биш гэдгийг Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн илэрхийлж байсан.

Тэр дундаа Монгол Улс Тажик улсад байнгын Элчин сайдын яамгүй. Элчин сайдын яамгүй газар энэ түүхэн уулзалтыг амжилттай зохион байгуулж чадсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газар, Гадаад харилцааны сайдын ажилтнуудад талархах учиртай.
Энд хоёр зүйлд тодотгол хийхийг хүсч байна.

Нэгд, Душанбегийн уулзалт бол гурван улсын тэргүүн нарын уулзалтад бэлтгэх уулзалт, хоёрт, 100 жилийн дараа болж байгаа уулзалт биш, харин анх удаагаа болж байгаа уулзалт юм.

Түвшний хувьд 1915 оны Хиагтийн уулзалт Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалт байсан юм.

Монгол Улсын зүгээс Душанбед хөрш орнуудын тэргүүн нарт хандан хэд хэдэн саналыг тавилаа. Нэгд, уулзалтыг гурван жил тутам Улаанбаатар хотноо уулзаж байх, энэ уулзалт нь олон нийтэд ил тод байх, талуудын харилцан сонирхож байгаа дэд бүтэц, эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэлэлцэж шийдэж байх саналыг тавьсан. БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч уулзах газар, цаг хугацааны хувьд өөрөөр шийдэж болох юм гэсэн саналыг хэлж байлаа. Мэдээж монголчуудын зорьж буй Улаанбаатарын яриа хэлэлцээ гэсэн дипломатын шинэ механизм тийм амар биеллээ олчихгүй. Гэхдээ “Сайн эхлэл бол хагас амжилтын эхлэл юм” хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпиний хэлсэн үгийг онцлон дурдмаар байна.

“Дэлхий нийт ярвигтай цаг үед ирээд байна. Энэ цаг үед өөрсдийгөө зөв тодорхойлж, байршлаа зөв олох нь биднээс ухаан шаардаж байна. Душанбегийн уулзалт өөрсдийгөө тодорхойлох, зөв байршихад чухал алхам боллоо” хэмээн нийтлэлч Баабар дүгнэсэн.

“Төв Ази урьдын Төв Ази биш болсон байна. Душанбегийн уулзалтаараа монголчууд бид энэ бүс нутагт бид шинэ жишиг тогтоолоо. 1990 он гэхэд Монгол улс өөрийн гэсэн бүс нутаггүй байсан юм. Бид нэг улсаас хараат байлаа. Одоогоос 14 жилийн өмнө бидний хэдэн нөхөд нийлж Зүүн Хойд Азийн нийгэмлэг гэж байгуулж байсан юм. Тухайн үедээ хүмүүс Зүүн Хойд Ази гэж ямар бүс нутаг байсан юм бэ гэж асууж байсан. Харин Монгол Улс одоо Зүүн Хойд Азийн бүс нутгийн идэвхтэй төлөөлөгч боллоо” хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн.

Монгол Улс хоёр хөрштэйгөө бүхий л талын харилцаа хамтын ажиллагаагаа сүүлийн үед идэвхтэй хөгжүүлж байгаатай зэрэгцэн гуравдагч хөршийн орнуудын зүгээс биднийг мартаагүй биз хэмээн сануулж эхэлсэн. Монгол бол газар зүйн өвөрмөц байрлалтай, хойд урдуураа ОХУ, БНХАУ гэсэн хоёр л улстай хил залгадаг. Дэлхий глобалчлагдаж байгаа өнөө цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа зөвхөн хоёр хөршөөр хязгаарлах боломжгүй. Тиймээс гуравдагч хөрш гэдэг бол Монголын онцлогт тохирсон тодорхойлолт юм. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Монгол-ОХУ-БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагаа цэвэр эдийн засгийн хамтьн ажиллагаанд суурилж байгааг, энд ямар нэг улс төр яриагүйг гуравдагч хөршүүд маань анзаарч л байгаа биз. Душанбед ч мөн эдийн засгийн томоохон төслүүдийг, тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүчний хил дамнасан том төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналууд яригдсан билээ.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж