Францын баг Литвийг хожиж, түүхэн амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.14-нд нийтлэгдсэн

Францын баг Литвийг хожиж, түүхэн амжилт үзүүллээ

-Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг Францын шигшээ баг хүртэж, түүхэн амжилтыг үзүүллээ.

Бямба гаригт(09.13) Испаний Мадрид хотын "Barclaycard Arena"-д болсон тоглолтод Францын шигшээ Литвийн багийг 95-93-ын (19–22, 23–21, 29–21, 22–31) харьцаагаар хожиж, хүрэл медаль хүртлээ. Францын шигшээ багийн Батум 27 оноо авч багаа хожилд хүргэсэн бол Литвийн багаас Валансинас 25 оноо авчээ.

Францын шигшээ баг 1954 оны дэлхийн аваргад 4-р байрт шалгарч байсан бол “Япон-2006”-д V, “Турк-2010”-т XIII байрыг эзэлж байсан тэд "Испани-2014"-т хүрэл медаль хүртлээ.

Францын шигшээ баг 2014 оны дэлхийн аваргын “А” хэсэгт гурван хожил, хоёр хожигдолтой гуравдугаар байраар шалгарч шөвгийн 16-д Хорватын багийг 69-64-ийн харьцаагаар хожсон. Шилдэг дөрөвт багтахын тулд тэмцээнийг зохион байгуулагч Испаний багтай оноолт таарсан бөгөөд хэсэгтээ 64-88-ын харьцаагаар хожигджээ. Гэвч энэхүү тоглолт 65-52-ын харьцаагаараа францчуудын ялалтаар өндөрлөсөн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Сербийн багтай тоглож, 85-90-ийн харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө тоглох болсон. Тэдний эсрэг олимп, дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлдэг Литвийн баг АНУ-ын багт ялагдсанаар шалгарсан юм. Өнгөрсөн жилийн Европын аваргын финалд Франц-Литвийн багууд шалгарахад францууд 80-66-ын харьцаагаар илүүрхэж, хожсон юм. Бямба гаригийн тоглолтод хоёр багийн хувьд тэнцүүхэн байж, эцсийн мөчид 95-93-ын харьцаагаар Францын шигшээ баг ялалт байгуулснаар, дэлхийн аваргын түүхэн амжилтаа үзүүллээ. Энэхүү тоглолтыг "Barclaycard Arena"-д 11 800 хүн үзэж сонирхжээ.

Өнөөдөр аваргын төлөө АНУ-Сербийн шигшээ багууд тоглох юм. 

Тэмцээний албан ёсны сайт: www.fiba.com/basketballworldcup/2014

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж