С.Цэрэнчимэд: Улам их хариуцлага ирдэг юм байна

Хуучирсан мэдээ: 2014.09.14-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд: Улам их хариуцлага ирдэг юм байна

Узбек улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байгаа ДАШТ-нд оролцсон эмэгтэй чөлөөт бөхийн баг өчигдөр шөнө “Чингис хаан” нисэх буудалд эх орондоо ирлээ.

Бөхчүүдийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “UFC групп”-ын ерөнхий захирал О.Амартүвшин, дэд ерөнхийлөгч, “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр болон тус спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, медальтнуудын эцэг, эхчүүд, хамаатан садангууд, анд найзууд нь үлээвэр хөгжимтэй ёслол төгөлдөр угтаж авлаа.

Угтах ёслолын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр эмэгтэй багийн ахлагч, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Энэ ДАШТ-нд манай эмэгтэй баг боломжийн хэмжээнд оролцлоо. Дөрвөн жилийн дараа дахин дэлхийн аваргатай болж Гавьяат тамирчин О.Бурмаа гурав дахь медалиа энгэртээ зүүлээ. Багаараа зургадугаар байр эзэлж ирэх онд Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх өвөртөллөө. Гэхдээ зарим бөхчүүд барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргаж медаль авах бүрэн боломжоо алдсанд багш дасгалжуулагч нар зохих дүгнэлт хийж цаашдын тэмцээн уралдаанд илүү бэлтгэл сайтай оролцуулах шаардлагатай байна. Азийн наадамд манай эмэгтэй бөхчүүд өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна.” гэж онцлон дурдлаа.

Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд “Дөрвөн барилдаан хийж дэлхийн аварга гэдэг том цол хүртсэндээ баяртай байна, улам их хариуцлага ирдэг юм байна. Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн дэмжлэгтэйгээр Япон улсад хэсэг хугацаанд суралцаж тэндхийн бэлтгэл сургуулийн шахуу хэмнэл, өндөр ачаалалд дассан маань их хэрэг боллоо, цаашид улам хичээх болно.” гэсэн бол ДАШТ-нээс хоёр дахь хүрэл медалиа авсан Гавяьат тамирчин О.Бурмаа сэтгэгдлээ ярьж “Надад байнга тусладаг холбооны удирдлага, багийн хамт олон, дасгалжуулагч нартаа их баярлалаа. Мөнгөн медалийн төлөө барилдаанд Бразилийн бөхөд тактикийн алдаа гаргаж хожигдсондоо сэтгэл дундуур байна, хойшид гаргасан алдаагаа засах болно” гэж өгүүлсэн.

Эмэгтэй багтай хамт МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар тэрчлэн Гавьяат тамирчин Н.Бүргэдаа нар ирсэн юм.

Д.ӨЛГИЙСАЙХАН

МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж