Сайд Л.Болд хэлэхдээ “Хөнгөн атлетик бол спортын төрлүүдээс хамгийн оргил нь. Энэ төрлөөр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар Лондонгийн олимпод оролцох эрхээ авах Монголын тамирчдын салхийг хагаллаа. Та хоёрын үзүүлсэн энэ амжилтын буухиа тасрахгүй үргэлжилж, манай олон тамирчид 2012 оны олимпод оролцох эрхээ авна гэж бодож байна. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн хувьд тамирчдаа бэлтгэлээ базаахад нь бүх талаар дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.
Монголын шилдэг марафонч Б.Сэр-Одын хувьд гурав дахь удаагаа олимпод оролцох эрхээ авсан бол Л.Отгонбаяр Афины олимпийн наадмаас хойш хоёр дахь удаагаа олимпийн наадмын уралдааны талбарт хурд сорих эрхтэй болоод байна.
Уулзалтын үеэр Шадар сайд М.Энхболд тамирчдад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа спортын өндөр амжилт хүсч, энэ удаагийн Лондон болон Прагийн марафонд оролцсон эрчээрээ 2012 оны олимпод амжилт үзүүлж, Лондонгийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулахыг хүссэн юм. Мөн Засгийн газрын зүгээс Лондонгийн олимпод оролцох тамирчдын санхүүгийн асуудалд анхаарч ажиллаж буйг онцолсны зэрэгцээ ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд бэлтгэлээ хангаж байгаа тамирчдын асуудлыг танилцуулах болно гэдгийг ч дуулгалаа.