Тэргүүн шадар сайд Увсад ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Увсад ажиллав

Улаанбаатар хотоос 1400 км явж хүрэх
Монгол орны баруун хязгаар Увс нутаг өвөлдөө -40 хэм зундаа 40  гарч
халдаг нэг ёсондоо байгалийн шалгарал жинхэнэ утгаараа явагддаг аймаг
гэж хэлж болно. Хүн ардынх нь ёс, зан заншил, хэл яриа гээд бүхий л
зүйлээрээ олноос онцгой  тус аймагт сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, 
үйлчилгээ, жимс жимсгэнийн  аж ахуй тэр дундаа чацарганы тариалалт эрс
өсчээ.  Түүгээр ч барахгүй хүн ард шигээ тэсвэр тэвчээртэй  чацаргана
жимсээ Монголд брэнд болгож чадсан Увс аймгийнхны хувьд  төвөөс
алслагдсан гээд гар хумхиж суулгүй өөрсдийн хүч хөдөлмөрөөр үйлдвэрлэл
үйлчилгээгээ өргөтгөж жижиг дунд үйлдвэрлэл бий болгож үүнд нь төрөөс
олгож буй зээл ихээхэн үр өгөөжөө өгч байгаа тухайгаа ярьцгааж байлаа. 

Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тус аймгийн унаган
хүүхэд. Жил бүрийн зун нутагтаа очиж үзэсгэлэнт байгалиар нь аялан
нутгийнхаа ард иргэдтэй уулзан хувийн шугамаар аялдаг сайд энэ удаа
намын даргынхаа хувиар тус аймагт зохион байгуулагдаж буй “Монгол хүн
2020” хэлэлцүүлэгт оролцож,  Тэргүүн шадар сайдынхаа хувиар хотоос очсон
гишүүдийн хамт иргэдтэй уулзалт хийж мөн аймгийнхаа жижиг дунд бизнес
эрхлэгчидтэй уулзан санаа оноог нь сонслоо. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийг дэмжих ажил төрсөн нутагт нь хэр урагштай, үр бүтээлтэй
байгааг өөрийн нүдээр үзэхээр тэрбээр нэлээд олон үйлдвэрээр орсон юм.

Увс аймагт өнгөрсөн хоёр жилд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 1.6
тэрбум төгрөгийн зээл олгогджээ. “Тоосгон уул”  ХХК нь тус сангаас
нийтдээ 50  сая төгрөгийн зээл авсан бол “Өнөр” гутлын цех 25 сая
төгрөгийн зээл авчээ. Тус цех нь цагаан ултай гутлаараа аймагтаа
алдартай болсон аж. Нийт 28 ажилтантай, цагаан ултай гутал нь хятад
гутлаас чанарын хувьд илүү тул бусад аймгийнхан ч захиулж хийлгүүлдэг
гэнэ. Түүнчлэн Тэргүүн шадар сайд Модон эдлэл үйлдвэрлэлийн цех, болон
сайн чанарын 22 үнээтэй фермийн үйл ажиллагаатай  танилцсан юм.
Үйлдвэрийн эзэд зээл үр өгөөжөө өгч байна. Гэхдээ хүүг нь дахин
багасгаж,  хугацааг нь уртасгахад  анхаарч өгөөч  гэсэн хүсэлтийг
тавьсан.  Сайд Н.Алтанхуяг “Улам сайн ажиллаж үйлдвэрлэлээ өргөтгөөрэй.
Төр засгийн дэмжлэг цаашид энэ тал дээр илүү анхаарч ажиллана” гэсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж