-Найруулагч Вим Вендерсийн “Хүслийн жигүүр” кино маргааш (09.13) Энхтайван найрамдлын ордонд гарна.-
Германы найруулагч Вим Вендерс монгол үзэгчдэд төдийлөн танил биш байж болох ч арт хаус кино хорхойтнууд, олон улсын нэр хүндтэй кино наадмын тоо тоомшгүй их шагнал, олон талт авьяас, агуу нэр хүндээрээ орчин цагийн дэлхийн кино урлагийн арслан, барсуудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ.
Холливудын зохиолч төвтэй арга барилаас илтэд дөлж киноны амин сүнс дүрс, зураглалд оршдог гэсэн хатуу баримтлалтай Вим Вендерсийн гэрэл зургийн онцгой чадвар хамгийн тод илэрсэн кино бол "Хүслийн жигүүр" (Wings of Desire, 1988) кино юм. Кино найруулагчийн уран чадвар, ид хав нь ид төгөлдөржих үедээ бүтээсэн энэхүү кинонд Берлин хотыг харж хандах үүрэгтэй нэгэн сахиусан тэнгэр үзэсгэлэнт эмэгтэйд дурласнаар үхэшгүй мөнхийн амьдралаа орхин хүн болохоор шийднэ.
Вим Вендерсийн уг бүтээлийг сүүлд холливудад “Бурхдын хот” нэртэйгээр дахин хийсэн нь 2000 онд манай зурагтын сувгуудаар чамгүй олон удаа гарсан. Гэвч Вим Вендерсийн эх бүтээл жинхэнэ даацтай, уянгын, үзэсгэлэнтэй гял цал бус ганцаардмал үзэсгэлэн гэж болно.
Вим Вендерсийн уг гайхалтай бүтээлийг мөрөөдөгчдийн өдрөөр буюу маргааш (09.13) Энхтайван найрамдлын ордонд ирж үзээрэй.
"Хүслийн жигүүр" киноны трэйлэрийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОРГИЛ