Либер улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тусламж хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

Либер улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тусламж хүсэв

Либерийн Батлан хам­гаалахын сайд Броуние Самукай Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй Эбола цусархаг халууралт өвчний тархалтыг зогсоох үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, Либерид үүсээд буй хямралыг зогсоож өгөхийг хүсчээ. Улмаар олон улсын зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэг чамлалттай байгааг онцолсон байна. 

Тус хурлын үеэр Либерийн Батлан хамгаалахын сайд Самукай “Либери улс цаашид оршин тогтнох эсэх асуудалд заналхийлж буй  эбола цусар­хаг халууралт өвчний вирус  ой хээрийн түймэр шиг л замд таарсан бүхнээ залгиж, хурдацтайгаар тархаж байна” гэжээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ сард болох Ерөнхий Ассемблейн хуралдаан дээр эбола вирусын тархалтыг зогсооход олон улсын дэмжлэг авах асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна.

Эбола гэх өвчний тархалтын өмнө Либерийн эрүүл мэндийн тогтолцоо хүчин мөхөсдөж, хүнд цохилтод орсон бөгөөд дэд бүтэц, ложистик муу, эрүүл мэндийн мэргэшсэн ажилтан дутмаг, санхүүгийн чадамжгүй Либери улсад хамгийн их хүн уг өвчний улмаас хорвоог орхиж байгаа юм.  Дашрамд дурьдахад, эбола цусархаг халууралт өвчний вирус зөвхөн Либери, Сьерра Леон, Гвиней, Нигер зэрэг оронд бус Африк тивийн 22 орны 22 сая хүн амтай нутагт нүүрлээд буй талаар шинжлэх ухааны “eLife”  сэтгүүл нийтлэв. Судалгааны багийнхны үзэж буйгаар тус тивийн хойд хэсэгт орших Нигерээс урагш Мозамбик хүртэлх орнуудад уг өвчний вирус тархах магадлал өндөртэй байгаа бөгөөд төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээг хамарч магадгүй байгаа аж.

Тэдний тайлбарласнаар хү­нээс хүнд халдварлахаас гадна, амьтнаас хүнд халдварлах замаар өөр бусад орнуудад уг вирусын халдвар тархах магадлал туйлын өндөр байгаа юм байна. Баруун Африк даяар түймэр шиг л тархаж буй “Амьтны гаралтай халдварт өвчин” буюу эбола цусархаг халууралт өвчин нь амьтнаас хүнд шууд халдварладаг. Одоогийн байдлаар ийм замаар халдварласан 30 гаруй тохиолдол илрүүлээд байгаа аж.

Эбола цусархаг халууралт өвчин нь халдвар авсан хүн амьтны биеийн шингэнээр дамжин халд­в­арладаг.   Амьтнаас хүнд халд­­вар­ла­сан тохиолдол хараа­­хан илрээгүй байгаа ч,  Ангол, Бурунди, Камерун, Төв Африк,  Этиоп, Гана, Либери, Мадагаскар, Малави, Мозамбик, Нигери, Руанда, Сьерра Леон, Танзани, Того зэрэг улсуудад тус өвчний вирусын халдвар тархах магадлал өндөр байгааг шинжээчид анхааруулж байна. Харин Ардчилсан Конго, Конго, Габон, Гвиней, Зааны ясан эрэг, Өмнөд Судан, Уганда зэрэг улсуудад амьтнаас хүнд уг вирус шууд халдварласан тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. НҮБ-аас хамгийн сүүлд мэдээлснээр 4293 хүн эбола цусархаг халууралт өвчний халдвар авч, 2296 хүн амиа алдсан бөгөөд үүний тал хувь буюу 1200 нь Либерийн иргэд байсан аж.  


Б.ДАВААХҮҮ

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж