Манай улс спортын топ төрлүүддээ л өдийг хүртэл анхаарал тавьж, хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Топ гэдэг төрлүүд нь харамсалтай нь цөөхөн. Яах аргагүй бөхийн орон гэдэг утгаараа жүдо, чөлөөт хоёртоо тун сайн анхаарч байгаа. Сүүлийн жилүүдэд манай тамирчдын амжилт нэмэгдэж, Олимпийн анхны алтан медалийг жүдогийн тамирчин хүртсэн. Мөн бокс, буудлага топ дөрөвт багтана. Монголын ширэн бээлийтнүүд сүүлийн хэдэн жилд дэлхийд данстай болж, Олимпийн наадмаас алтан медаль хүртэл авчирсан. Хоёр олимп дараалан хоёр медаль хүртсэн амжилтыг нь дурдахад л ямархуу чансаатай байгааг нь харж болно.
Буудлагынхан ч ялгаагүй. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль авчирсан гэдгээрээ буудлагын тамирчдын нэр хүндийг өндөрт өргөсөн. Тиймээс энэ спортын төрлүүдэд хүч, хөрөнгө мөнгө хаяж анхаарахгүй гээд ч яах билээ. Тэгж байж монголчууд тив, дэлхий, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэж, бөмбөрцөгт улсынхаа нэрийг гаргаж байгаа. Цаашид ч энэ янзаараа л явна. Гэхдээ манай улс нэг үеэ бодвол хөгжиж байна. Хүн амын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж, гурван сая руу дөхлөө.
Тэр утгаараа топ дөрвөөс бусад спортын төрлүүд хөгжиж эхэллээ. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей гээд багийн спортоор ч амжилт гаргаж эхэлсэн. Өвлийн спортын төрлүүд ч хөгжлийн шат руугаа орлоо. Мөн хүндийн өргөлт, уран гимнастик, пауэрлифтинг гээд дурьдаад байвал маш олон спортын төрлөөр манай тамирчид тив, дэлхийн амжилт гаргаж эхлээд байна. Гэвч төр засгаас тоож авч хэлэлцэж байгаа ч юм алга. Тухайн спортын төрөлдөө сэтгэл зүрхээ зориулсан хэдэн хүмүүс л хөгжүүлэх гээд зүтгээд байна. Ер нь ч тэгж байж л хөгждөг байх. Гэхдээ одоо эхнээс нь зарим нэг спортын төрлийг төрөөс дэмжмээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлчээр Оросын нийслэл Москва хотноо пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, олон ч медаль авсан. Зарим нэг жинд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Гэтэл тэднийг тоож байгаа сайд дарга гэж алга. Олимпийн бус спортын төрөл гэдэг утгаараа ач холбогдол өгөхгүй, шоовдорлоод байгаа бололтой юм. Гэтэл энэ спортын төрөл 2016 оны Олимпийн наадамд үзүүлэх тоглолтоор орох гэж байна. Цаашлаад 2020 он гэхэд Олимпийн төрөл ч болох найдлага байгаа.
Дэлхийн аварга болоод, рекорд шинэчлээд ирсэн тамирчинд гавьяат өгдөггүй юм гэхэд ядаж л шагнаад урамшуулчих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр төрөөс Олимпийн наадамд, дэлхийн аваргаас медаль хүртвэл мөнгөн шагнал өгч байгаа. Мөн сар бүр цалин урамшуулал олгож эхэлсэн. Гэхдээ өнөөх л топ дөрвөн спортын тамирчдыг л дэмжээд байна.
Гэтэл олимпийн бус спортын төрлөөр өч төчнөөн амжилт гаргаад, эрх орныхоо нэрийг дуурсгаад явж байгаа тамирчдад багахан ч болов шагнал урамшуулал өгчихөд ер нь яадаг юм. Зөвхөн шагнал урамшилдаа ч биш. Өвлийн спортын төрлүүдэд ч анхаарахгүй байна. Битүү ордон барих асуудлыг өнө удаан ярьж байгаа ч ажил хэрэг болсон юм алга. Ердөө л хэдхэн ам.метр газар шийдээд өгчихгүй шоовдорлоод байгаа шүү дээ. Одоо энэ мэт хүнийрхүү зангаа хаяж, бусад спортын төрлүүддээ багахан хөрөнгө мөнгө зарцуулбал яасан юм бэ.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин