Кака “Реал”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Кака “Реал”-д үлдэнэ

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Кака “Сантьяго Бернабеу”-д ердөө хоёрхон улирлыг өнгөрүүлээд буурь сэлгэх бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Бараг 100 сая ам.доллараар Италийн “АС Милан” багаас “Реал”-д ирсэн тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар төдий л хангалттай тоглолт гаргаж чадаагүй. Энэ улиралд Кака Ла лигт ердөө 13-хан тоглолтод оролцсон юм.
Кака зуны солилцооны цонхоор Премьер лигийн “Челси” клубт очно гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт эрчимтэй идэвхижсэн. Учир нь түүний ээж Twitter-тээ удахгүй Лондонд очих гэж буйгаа дуулгасан юм. Түүнчлэн “Челси”-гээс гадна “Манчестер Сити” ч бразил тоглогчийг сонирхож буйгаа мэдэгдээд байгаа. Гэхдээ Кака өөрөө Мадридыг орхих талаар огтхон ч бодоогүй гэнэ. “Юу үнэн гэвэл би Мадридад байна. Цаашдаа ч энд байхыг хүсч байна. Ээж маань уулзалтад оролцож, мөргөл үйлдэхээр Лондон явах гэж байгаа. Ямартай ч би ирэх улиралд “Реал Мадрид”-ын төлөө тоглох хүсэлтэй байна. Бразил руу буцах, эсвэл Премьер лиг ч юм уу, Италид очих бодол байхгүй. Миний зорилго бол “Реал Мадрид”-тай хамт амжилт гаргах” хэмээн Adidas-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр Кака ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж