Ажлын хэсгийнхэн нөөц нь тогтоогдоод байгаа орд газруудад дүн шинжилгээ хийж, эхний ээлжинд одоо ажиллаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал, дэд бүтцийг ашиглан анхны зэс хайлуулах үйлдвэрийг барих ирээдүйн төлөвлөлтийг Оюутолгой, Цагаансуваргын ордын зэсийн баяжмалыг түшиглэн хийхээр болжээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах хоёр дахь үйлдвэрийг Чойр, Сайншанд, Оюутолгойн аль нэгэнд барьж байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн сонголтыг хийхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатай, дэлхийд танигдсан туршлагыг харгалзаж пирометаллургийн технологийг сонгох нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг боловсруулсан байна. Үүний дараа Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны арванхоёдугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр захирамжаар Монгол Улсад зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудлыг судалж, дүгнэлт гарган санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулан байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтээ боловсруулаад удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Ажлын хэсгүүдийн дүгнэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэж буй зэсийн баяжмалд түшиглэн жилд 90-130 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг Ausmelt болон Isasmelt технологиор, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд жилд 200 мянган тонноос дээш катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг барихдаа Финлянд улсын “Outotec” компанийн Flashsmelt технологийг сонгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд технологийн эцсийн сонголтыг нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр тодорхойлох ажээ.
Эрдас баялаг, эрчим хүчний яамнаас УИХ-ын зарим гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг оролцуулсан уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн зураг төслийн институтийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Тэнд зэсийн баяжмал хайлах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэдэг технологи хэрэглэдэг аж.
Мэдээллийн дараа гишүүд сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, гишүүн Н.Батбаяр Зэсийн үйлдвэр барих сонирхолтой хувийн компаниуд олон байхад тэдэнд яагаад зөвшөөрөл олгохгүй байгаа вэ гэдгийг сайдаас лавлав. “Зэс хайлуулах үйлдвэр байгуулахгүй баяжмалаа гадагш нь гаргаад байх нь тухайн үйлдвэрийн захирлууд, ард нь байгаа ноёдод л ашигтай. Жилдээ тэд 100-200 сая ам.долларын ашигтай байсан бол зэсийн үнэ нэмэгдсэнээр 400-500 сая ам.доллар болсон” гэж гишүүн хэлж байв. Эндээс харвал Зэс хайлуулах үйлдвэр барихад нээнтэг байж л мэдэх нь.
Сайд Д.Зоригт “1986 оноос анхны судалгааг эхэлсэн. Хувийн хөрөнгө оруулалтаар зэсийн үйлдвэр байгуулъя гэхэд манай яамнаас зөвшөөрөл олгох эрхгүй. Бид зөвхөн ТЭЗҮ-д нь дүгнэлт гаргах үүрэгтэй. Зэс боловсруулах үйлдвэр байгуулах саналтай Хятадын нэг компани бий. Гэхдээ үйлдвэрлэлээс ялгарах хүхрийн хүчлээ хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа. Тэр шийдлээ олоод ир гэсэн зөвлөмжийг өгсөн” гэлээ.
Сайдын хэлснээр “Эрдэнэт” үйлдвэр Оросын талтай хамтарсан болохоор зэс боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр хоёр талаасаа ярихаас өөр аргагүй аж.
1986 оноос хойш зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг таван удаа хийсэн ч хүхрийн хүчлийг хэрхэн шийдвэрлэх тал дээр мухарддаг байжээ. Хамгийн сүүлийн үед гарч буй технологи бол хүхрийн давхар ислийг ангижруулах, элементийн хүхэр үйлдвэрлэх арга юм байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар 25 жил ярьж байтал Эрдэнэтийн зэсийн нөөцийн талаас илүү нь дууслаа” гээд, үүнээс харахад үйлдвэр байгуулахгүй байх сонирхол байгаа юм биш байгаа гэсэн хардлага үүсээд байна гэлээ. Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөв