Ардын цагдаагаас эхтэй Сэлэнгэ аймгийн ЦГ

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Ардын цагдаагаас эхтэй Сэлэнгэ аймгийн ЦГ

Ивцэг, Алтанбулагт хороон дарга Дарьзаваар удирдуулсан сэргийлэн хамгаалах цэрэг суулгаж, Алтанбулагийн яамны сайд Билэгсайхан гүнд захируулж хожим 1924 оны наймдугаар сард “Ардын цагдаа” нэртэй цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харьяанд ажиллуулж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар үүсэн байгуулагдах эх үүсвэр болжээ. Тэгээд 1935 оноос Цагдан сэргийлэх анги болон өргөжиж Алтанбулагт ажиллаж байсан элчин консул, булигаарын болон архины завод, үнэт ангийн үсний төвлөрсөн агуулах, банк, гар үйлдвэрийн холбоо, хотын хоршоо зэрэг тэр үеийн улсын нэн чухал үйлдвэр обьектуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байжээ. Ийнхүү Ардын цагдаагаас эхтэй Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар эдүгээ түүхт 90 жилийнхээ ойг угтаж байгаа юм. Тус цагдаагийн газар нь харьяандаа нэг цагдаагийн хэлтэс, дөрвөн хэсэг, Хөтөл дэхь сум дундын цагдаагийн тасаг болон төвдөө Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн болон Замын цагдаа, Нийгмийн хэв журам хамгаалах тасаг, Захиргаа аж ахуйн алба, Хүний нөөцийн,  мэдээлэл судалгааны урьдчилан сэргийлэх жижүүр, Эрүүлжүүлэх баривчлах байр, хүүхдийн зэрэг төрөл албадтайгаар Монгол цагдаагийн байгууллагын орон нутаг дахь хамгийн том, ууган цагдаагийн байгууллага болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хамт олныг Намсрай, Жадамба, Базарсад зэрэг олон арван шилдэг удирдах ажилтан, дарга нар удирдан зохион байгуулж байжээ. Тус цагдаагийн газар ойгоо угтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулахаар олон ажил хийж гүйцэтгэж байна.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж