Д.Зоригт “Оюутолгой” төслийн бэрхшээлийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Д.Зоригт “Оюутолгой” төслийн бэрхшээлийг танилцуулав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ГОВЬД ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АСУУДЛЫГ  ЗУРГАДУГААР САРД БАГТААН ШИЙДВЭРЛЭНЭ

“Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтад учирч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан барилга, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг 6 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ онд багтаан ажлыг нь эхлүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.

Цахилгаан станц барих хугацааг Засгийн газар ийнхүү нааш нь татаж барилгын ажлыг нэн даруй эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ дагуу станцыг хаана барихыг салбарын яам 6 дугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээж байна. Ингэснээр 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан станцын ажил 4 жилээр наашилж, 2012 он гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэж байгаа юм.   Говийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх цахилгаан станцыг Оюутолгой эсвэл Тавантолгойд барих гэсэн хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг судалж байна. Хэрвээ Тавантолгойд байхаар сонговол цахилгаан станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх хэрэгтэй болж байгаа юм.

Харин “Оюутолгой” компани цахилгаан станцыг “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр орчим барих сонирхолтой байгаа бөгөөд ус, байгаль орчин, Техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой ажлаа тодорхой хэмжээнд хийжээ. Оюутолгойн барилгын ажил гүйцэтгэх  хугацаанд шаардагдах эрчим хүчийг БНХАУ-аас авах шаардлагатай байгаа тул орд газраас Монгол-Хятадын хил хүртэл 220 киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам өгөөд байна. Гэхдээ цаашид усны хоолой болон эрчим хүчний дамжуулах шугамын газар, төслийн богино хугацааны эрчим хүчний хангамж, цахилгаан станц барих асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хөрөнгө оруулагч компанийн удирдлагууд Засгийн газраас хүсчээ. Асуудлыг энэ сарын 30-31-нд Бээжин хотноо болох хоёр улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцахаар төлөвлөөд байна. Хэрвээ тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшлох, санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагч талууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хооронд хийж байгаа яриа хэлэлцээнд сөргөөх нөлөөлөх, улмаар 2011 оны сүүлээр төсөл санхүүжилтгүй болох нөхцөл үүсч болзошгүй болжээ. Иймээс “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг 6 дугаар сард багтаан шийдвэрлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийх барилга, угсралтын ажил 3 дугаар сарын эцсийн байдлаар төлөвлөсний дагуу 15 хувьтай байна. Орд газрыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлолтыг 2013 онд эхлэхээр төлөвлөж байсан ч барилгын ажил, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар 2012 онд олборлолтоо эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

МОНГОЛ, УКРАЙНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИСС ХУРАЛДАНА

2011 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украйны Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Засгийн газар хоорондын комиссын 4 дүгээр хуралдаан 2005 онд Киев хотноо болсноос хойш Украйны улс төрийн дотоод нөхцөл, байдлаас шалтгаалан дараагийн хуралдаан бололгүй өнөөг хүрсэн юм. Өмнөх хуралдааны мөрөөр  манай талаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд 31 арга хэмжээ тусгагдсанаас 3 нь л хэрэгжсэн байна. Энэ нь Украйны улс төрийн дотоод байдал тогтворгүй байсан, нөгөө талаар манай холбогдох яамдын бүтцэд өөрчлөлт орсон учир өмнөх Засгийн газрын үед хоёр талын хооронд тохиролцсон арга хэмжээг дахин авч үзэх саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний зэрэг яам тавьсантай холбоотой юм. 5 дугаар хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол, Украйны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэхээр болжээ.

ЗАСГИЙН ГАЗАР 4 ДҮГЭЭР САРД ТАВАН УДАА ХУРАЛДЖЭЭ

Засгийн газар өнгөрсөн сард 5 удаа хуралдаж, 77 асуудал хэлэлцэн, 25 асуудалтай танилцсан тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 14 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, таван асуудлаар гаргасан Засгийн газрын санал, дүгнэлтийг хууль санаачлагч нарт уламжлахаар, тус бүр 2 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөх, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 6 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Харин 3 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

Засгийн газар өнгөрсөн сард “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “2010 оны төсвийн гүйцэтгэлийн тухай”, “2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл”, “2013-2014 оны төсвийн төсөөллийн тухай” хэлэлцэн гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэ оны эхний хагаст аттестатчилалд хамруулах дээд боловсролын 27 байгууллагын нэрийг тодорхойлон, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ноолуур боловсруулах салбарыг дэмжих зорилгоор Засгийн газрын бонд гаргах тухай хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд энэ онд баригдаж эхлэх нэгдүгээр ээлжийн автозамуудыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хэлэлцэн баталжээ.

“Оюутолгой” төслийн эхний ээлжийн эрчим хүчний хангамжид зориулж БНХАУ-аас эрчим хүч импортлох 220 киловольтын агаарын шугам, дэд станцын барилга, байгууламж барих тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахад шаардагдах хөрөнгийг гаргахаар тогтсон зэрэг томоохон ажил хийжээ. Түүнчлэн,

  •     НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Хүний амьд явах эрхийг хангах, эрүүдэн шүүх болон хүний наймаатай тэмцэх, охид, эмэгтэйчүүдийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулахыг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан 129 зөвлөмжид голлон тусгасан байна.
  •     “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор 2011 оны 5 дугаар сарын 7-ны өдөр болсон “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-т улсын хэмжээнд нийт 5180 байгууллага, аж ахуйн нэгжийн 184 мянган хүн сайн дураараа оролцсон байна. Энэ өдөр иргэд амьдарч байгаа орчин болон Туул, Сэлбэ голын сав газрыг цэвэрлэх, тохижуулах, мод тарих, зүлэгжүүлэх, замын тэмдэг, тэмдэглэгээг цэвэрлэх, зам засварын ажилд туслах зэрэг ажилд оролцсон дүн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж