Л.Гантөмөр гишүүн хүүхдүүдтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр гишүүн хүүхдүүдтэй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг ангийнхан дотроо арай оюунлаг нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тиймдээ ч тойрог руугаа тусламжийн будаа зөөхөөс илүү сургууль соёл, сурагч хүүхэд гэж явдаг хүн. Энэ удаа эрхэм гишүүн ЕБС-иудын амралт эхэлж буйг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд “Ном бол миний найз” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлажээ. Техник технологи хөгжихийн хэрээр ном унших гэгчийг барагтай мартаж, гар утас, IPod-той нөхөрлөх болсон орчин үеийн хүүхдүүдийг номд дуртай болгох, номтой нөхөрлөхийг нь урамшуулах зорилгоор зохион байгуулж буй энэ уралдаан гурван насны ангилалтай. Өөрийн унших дуртай ном, түүнд гардаг өөрийн хайртай баатруудын ирээдүйг өөрийн төсөөллөөр үргэлжлүүлэн бичих гэсэн тун энгийн дүрэмтэй энэ уралдаан бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван насны ангилалтай. Ангилал тус бүрээс гурван сурагч шалгаруулж, нийт есөн сурагчийг өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа ч гэр хорооллын сургуулиудад тийм ч хүрэлцээтэй байдаггүй зөөврийн компьютерээр урамшуулах юм байна. “Эрүүл оюунлаг ирээдүй” Хүүхдийн төлөө сантай хамтран зохион байгуулж буй энэ уралдааныг энэ сарын 17-25-ны хооронд дүүргийн нийт сургуулиудын дунд зарласан бөгөөд уралдаанд оролцох материалыг сургуулиуд дээр нь хүлээж авах юм байна.

Дашрамд сонирхуулахад, Л.Гантөмөр гишүүн сурагч байхдаа 1991 оны Улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байсан аж. Тиймээс Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуультай хамтран энэ жил зургаа дахь удаагаа “Стандарт 2011” математикийн хичээлийн олимпиад зохион байгуулсныг Нийслэлийн боловсролын газар дэмжиж, уг уралдааныг энэ жилээс эхлэн Нийслэлийн бүх сургуулиудын дунд зохион байгуулахаар болсон билээ. Ивээн тэтгэгчдийн тоо ч нэмэгдэж, Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн уралдааныг ивээлдээ аваад байгаа гэсэн.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж