“Оперетта” хүн төрөлхтний нийгмийн оюуны хөгжлийн нотолгоо болсон их урлаг
Сэргэн мандалтын үеийн баруун Европынхны бүтээсэн дуурийн урлаг нь хөгжмийн театрын онцгой төрөл бөгөөд тэр дундаа янз бүрийн хүрээний хамгийн олон үзэгчдийн анхаарлыг татаж байсан нь инээдмийн дуурь буюу хошин дуурь байлаа.
Гэтэл 1850-иад оны үеэс Францад энэ бүхнийг халсан цоо шинэ төрөл гарч ирсэн нь оперетта байлаа. 1854-55 онуудад Парижид хөгжмийн зохиолч Ф.Эрве, Ж.Оффенбах нараар удирдуулсан хоёрын зэрэг хөгжмийн театр бий болсон нь “Парижийн оперетта”-гийн эх үүсвэр байлаа.
Ялангуяа Оффенбах мэргэжлийн хөгжмийн театрын уран бүтээлчдийг өөртөө татах асар том нөлөө, олон талт авьяас билэг, цар хүрээгээрээ ялгарч дэлхийн сонгодог опереттагийн анхдагч болон хөгжмийн театрын түүхэнд үлджээ.
Оффенбахын уран бүтээлийн нөлөөгөөр нэрт жүжгийн зохиолч, хөгжмийн жүжгийн цомнолч А.Мельяка, Л.Галеви, Э.Кремье нар опереттын цомнол руу үзгээ чиглүүлэн урлагийн сэдвийг нийгэм ахуй, хувь хүний дотоод ертөнц рүү хандуулж тухайн цаг үеийнхээ нийгмийн толь болсон хурц шүүмжлэл, өдөр тутмын бухимдал, хэрүүл хараал, үзэгчдийг өөрсдөөр нь өөрсдийг нь шоолуулах, эрэгцүүлэн бодуулах, хүмүүсийн харилцааны дундах алдаа дутагдалтай талыг тодруулан гаргаж үзүүлэх зэрэг сэдвийг хөндсөн зах зээлийн зарчим бүхий уран ухаан, авьяас шаардсан бүтээлүүдийг туурвиж эхэлжээ.
Опереттын хөгжмийн үндсэн хэллэг нь дууриас тэс өөр замыг сонгосон бөгөөд ихэс дээдэс, язгууртан гэхээсээ илүү ард түмний дунд түгсэн аялгуу, гудамжны хэмээн нэрлэгдэх нийтийн дуунууд, нийтээрээ хамрагддаг бүжгийн хэмнэлүүд дээр түшиглэн хөгжсөн байдаг.
Оффенбах өөрийн зохиол бүтээлд хөгжмийн гол элементүүд болгон оргил хэсгүүддээ тухайн үеийн үзэгчдийн анхаарлыг гойд татаж байсан ялангуяа охид бүсгүйчүүдийн хөдөлгөөнийг эрээ цээргүй харуулсан чөлөөт бүжиг болох галоп, канкан зэргийг маш өргөн ашигладаг байв. Опереттын онцлог тал нь дуурийн адил хатуу дэг зарчмаас чөлөөлөгдөж тухайн үеийн нийгэм улс төрийн байдлаас шалтгаалан үг хэллэгийг өөрчлөх нөхцөл байдалд тааруулан зохиомжлох боломжийг уран бүтээлчдэд олгосон байдаг.
Оффенбахын авьяас билэг, нөр их хөдөлмөр, ухааны хүчээр Парижийн оперетта хэмээх энэхүү шинэ төрөл уран сайхны санаа чиг хандлагаараа олон улсын хөгжмийн театрын урлагийн анхаарлыг татаж эхэлсэн билээ. Энэ нь яваандаа дэлхийн хөгжмийн театрын түүхэнд алтан хуудсыг нээж, зохиох, дуулах, жүжиглэх, бүжиглэх, хөгжимдөх зэрэг гол төрлүүдэд гайхамшигтай шинэ эринийг авчирч чадсан юм.
1870-аад оноос Парижийн опереттад өөрчлөлт гарч вальс хөгжмийн хэмнэлд давалгаалж эхлэв. Үзэгчдийг байлдан дагуулсан Оффенбахын “Фавар хатагтай", "Тамбур-мажорын охин", Эрвегийн “Нитуш авхай", Ш.Лекокийн “хатагтай Ангогийн охин", "Жирофле-Жирофля", Р.Планкетийн "Корневилийн хонхнууд", Э.Одраны "Маскотта" зэрэг жүжгүүд баруун Европын тайзнуудыг түрэмгийлэн шуугиулж байлаа. Үүний нөлөөгөөр 1860-аад онд Австрийн Вена хотод, 1870-аад оны үед Английн Лондон хотод үндэсний опереттын эх үүсвэр бий болжээ.
Английн опереттын хөгжил нь хөгжмийн зохиолч А.Салливена болон түүний цомнолч У.Гилберт нарын уран бүтээлтэй салшгүй холбоотой байдаг бөгөөд тэдний хамтран бүтээсэн "Суд присяжных", "Крейсер "Пинафор", "Микадо", "Гондольеры" зэрэг жүжгүүд опереттын түүхэнд домог болон үлдсэнээс гадна ялангуяа Салливений “Микадо”, С.Жонсын ”Гейша” жүжгүүд нь тив алгассан Япон үндэстний өвөрмөц онцлогийг гойд харуулж чадсанаараа хүн төрөлхтний соёл иргэншлийг тэргүүлэгч орны үзэгчдийн сонирхлыг гойд татаж байв.
Мэргэжлийн хөгжмийн театрт зориулан дэлхийн шилдэг уран бүтээлчдийн үүсгэн бий болгосон “Оперетта” гэдэг энэхүү гайхалтай төрөл баруун Европод хөгжихдөө бусад улсаасаа илүү Австри улсын авьяас билгийн хөрсөн дээр найдвартай үндэслэж цэцэглэн хөгжсөн түүхтэй.
Австрийн урлагийн түүхэнд дэлхийн хамгийн олон хөгжмийн зохиолчид хамрагддаг бөгөөд ялангуяа 19-р зууны Венийн сонгодог вальсын цоо шинэ эринийг эхлүүлсэн аав, хүү Йохан Штраусууд онцгой байр суурийг эзэлдэг.
Венийн сонгодог опереттын оргил бүтээлүүдийн тоонд хүү Й.Штраусын “Сарьсан багваахай”, ”Хөгжилтэй дайн”, Венецийн шөнө”, ”Цыганы барон”, өндөр зэрэглэлийн бүтээлийн тоонд Ф.Зуппегийн “Фатиница”, “Бокаччо”, ”Донна Жуанита”, К.Миллёкерийн “Даржин оюутан”, ”Гаспарон” зэрэг жүжгүүд зүй ёсоор ордог.
Венийн оперетта нь бусдыг бодвол элэглэл, шүүмжлэл, өдөр тутмын бухимдал, хэрүүл хараалыг харуулахаас зайлсхийсэн гүн мэдрэмж төрүүлсэн цагаан хошигнол, шүүмжлэл байх боловч тэр нь эрээ цээргүй биш, сэтгэлд тааламжтай тансаг мэдрэмжээр дамжуулан үзэгчдэд хүргэх чиг баримжааг уран сайхны гол шугамаа болгож хайр сэтгэл, уянга давамгайлсан, жүжигт гарч байгаа үйл явдлын дунд хэний ч санаанд оромгүй гэнэтийн өөрчлөлт гардаг арга барилыг уламжлал болгон хөгжүүлжээ. 20-р зуунд Австрийн оперетта үндсэн төрх, уламжлалт арга барилаа өөрчилж шинэ эрэл хайгуулд гарсан байдаг.
Зөвхөн нүдэнд харагдах байдлаар инээдэмтэй байх бус гол баатруудын дотоод сэтгэлгээний зөрчлийг тансаг урлаг, хөнгөн инээд хоёртой холбож өгөхөд чиглэгдсэн байна.
Энэхүү шинэ давалгааны үр дүнд бий болсон содон бүтээлүүдээр нэрт хөгжмийн зохиолч Ф.Легарын “Хөгжилтэй бэлэвсэн эхнэр”, “Люксембургийн гүнтэн”, “Цыганы дурлал”, И.Кальманы “Циркийн гүнж”,”Сильва”, “Баядера”, “Марица” зэрэг домогт бүтээлүүд бий болжээ.
ЙОХАНН ШТРАУС
Йоханн Штраус (хүү)
Австрийн нэрт хөгжмийн зохиолч Йоханн Штраус 1825 онд Вена хотод төржээ. Эцэгтэйгээ адилхан Йоханн нэртэй болохоор нь дэлхийн хөгжмийн ертөнцөд энэ хоёр гайхамшигтай уран бүтээлчдийг эцэг Штраус, хүү Штраус гэж нэрлэж заншжээ. Эцэг Йоханн нь анх хийлч байсан ба хэд хэдэн мэргэжлийг зэрэг эзэмшсэн хүн байлаа. Гэхдээ тэр дундаасаа хөгжмийн салбарт илүү их амжилтыг олжээ.
Эцэг Штраус нь гэрлэснийхээ дараа хувийн оркестр байгуулж түүгээрээ хөнгөн хэлбэрийн бүжгийн хөгжмүүдийг зохион Венийн баячуудын цэнгээн дээр тоглодог байсан бөгөөд “Ваëьсын хаан” хэмээн түүхэнд үлджээ. Тэрээр Париж, Брюссель, Лондон гэх мэт Европын том том хотуудаар өөрийн найрал хөгжимчидтэйгээ зочлон тоглодог байв. Өөрийнхөө зохиосон вальсуудаар тэр олон түмнийг байлдан дагуулж байсан ба Лист, Берлиозын хэмжээний нэр хүндтэй хөгжмийн томчууд түүнийг бишрэн магтдаг байжээ.
10-аад жил эхнэртэйгээ Венад байр түрээслэн амьдарсан ба бараг нэг байранд амьдарч байхад нь тэднийд нэг хүү юмуу охин мэндэлдэг байлаа. Хүүхдүүд нь тансаг хөгжмийн уур амьсгалд төрж өсч бойжиж байв. Түүний хөгжимчид голдуу гэрт нь сургуулиа хийдэг байсан ба тэнд болж байгаа үйл явдлыг бяцхан Йоханн анхааралтай ажиглаж өсчээ. Тэрээр хар багаасаа л төгөлдөр хуур дээр тоглож сурсан ба сүмийн найрал дуунд дуулдаг байв. 6 настайдаа тэр анхныхаа бүжгийн хөгжмийг зохиосон гэдэг.
Эцэг эхийн аль нь ч тэдний хөгжмийн ирээдүйд анхаарал тавьсангүй. Сэтгэлийн хөдөлгөөнтэй эцэг нь шинэ эхнэр авч 2 гэр бүл тэжээдэг болсон бөгөөд эхний 7 хүүхэд дээр нэмээд бас 7 хүүхэд төрсөн гэдэг. Эцэг нь Йоханныг албан ёсоор политехникийн дунд сургууль оруулсан хэдий ч хүү нь ил далд бусдад төгөлдөр хуурын хичээл зааж олсон мөнгөө хийлийн сургалтын төлбөрт зориулдаг байв.
Эцэг эх нь түүнийг банкны мэргэжилтэн болгох гэж хичээдэг байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Тэр 19 настайдаа өөрийн гэсэн хөгжмийн хамтлаг байгуулж, Венийн магистрт суралцах, мөн удирдаачаар ажиллах албан ёсны эрхийг олж авчээ. Түүний анхны тоглолт 1844 оны 10 сарын 15-нд Вений нэгэн алдартай казино байдаг байранд болжээ. Тэнд түүний ирээдүйн авьяаслаг удирдаач, хөгжмийн зохиолч болохыг олон нийт мэджээ.
Энэ тоглолтон дээр залуу Йоханн өөрийнхөө хөгжимчидтэй цуг маш их шуугианыг дэгдээсэн байна. Маргааш өглөөний нь сонин дээр Эцэг Штрауст “оройн мэнд”, хүү Штрауст “өглөөний мэнд” хүргэсэн байлаа. Эцэг нь тэр үед 40 орчим настай байв.
Хүүгийн нь энэ тоглолт түүнд атаархлын огцом цохилтыг өгч тэрээр хүүтэйгээ өрсөлдөж амьдрах их тэмцлийн гараа эхэлсэн байдаг. Эцэг нь дээдсийн цэнгээн, язгууртны ордноор өөрийнхөө найрал хөгжимчидтэй тоглож байсан бөгөөд хүүд нь зөвхөн Вена хотоор хэрэн тэнэж 2 жижигхэн тайз, казино, кафегаар өөрийнхөө хэдэн хөгжимчидтэй тоглох хувь заяа ноогдож байв.
Эцэг нь энэ үеэр ээжээс нь гэрлэлтээ цуцлуулан дахин өөр эхнэр авсан нь сонин хэвлэлийн бай болж хүү нь түүнд маш ихээр гомдсон байв. Эцэг нь танил тал хүрээгээ ашиглан шүүх хурал дээр ялалт байгуулж тэднийг ямарч эд хөрөнгөгүй орхижээ. Түүгээр ч барахгүй Венийн концертын бүх тайзыг эзэгнэн хүүгийнхээ хөгжимчидөд гарах тайз олгосонгүй.
Венийн цагдаагийн газар хүү Штраусыг садар самуун, ёс суртахуунгүй хүний хүү хэмээн хараандаа байлгадаг байв. 1849 оны намар эцэг Штраус зуурдаар нас барснаар хүү Штраусын хувь заяа бүхэлдээ өөрчлөгдлөө.
Эцгийнх нь нэртэй том найрал хөгжимчид хүүг нь удирдаачаар урьж нийслэлийн бүх л том цэнгээний газрууд түүнтэй гэрээ хийж эхэлжээ. Түүний туулсан зовлонгоосоо ухаарсан ухаарал, төлөвшсөн зан төрх, төрөлхийн ёс сутахуунтай араншин зэрэг нь нийгмийн оргил руу дуудлаа.
1852 онд залуу Штраус хааны ордонд ажиллаж эхэлжээ. 1854 оны зун Петрбургийн хааны эдлэнг Павловсктой холбосон хот хоорондын төмөр замын шугамыг эзэмшдэг Оросын нэгэн компанийн төлөөлөгчид ажил хэргийн холбоо тогтоохоор ирж уулзжээ.
Оросын агуу их ван Константины эдлэн, оросын хааны ордон, уран ганган хийцтэй Павловский вокзал болон Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр өөрийнхөө найрал хөгжимчидтэй очиж тоглох урилгыг тэд Штрауст ирүүлсэн бөгөөд боломжийн мөнгөтэй болсон байсан тул Штраус зөвшөөрсөн байна. 1856 оны 5 сарын 18-нд түүний анхны нээлтийн ажллагаа Оросын тэнгэр доор эхэлсэн байна.
Үзэгчид түүний зохиосон вальсууд болон полькуудыг дуу алдан хүлээж авлаа. Энэ концерт дээр Оросын эзэн хааны гэр бүлийнхэнч бас байлаа. Энэ үеэр Венад ч гэсэн Штраусын төрсөн дүү Йозеф Штраус бас авьяаслаг хөгжмийн зохиолч удирдаач гэдгээ харуулж байлаа.
Йоханн 1862 онд тэр Етти Трефц гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон бөгөөд мөн л 4 хүү, 3 охин төрүүлсэн байдаг. Тэрээр Етти түүний зөвхөн эхнэр байгаад зогсоогүй ажил хэргийн зөвлөх, нарийн бичгийн дарга гээд бүх л амжилтанд нь туслагч байжээ. Түүнийг дэргэдээ байхад Штраусын бүх онгод цуглардаг байв.
1863 оны зун Етти нөхрөө даган Орос руу явжээ. Энэ үед нэр нь Вена даяар түгээд байгаа хөгжмийн зохиолч дүү Йозефоосоо дор орохгүйн тулд алдарт Цэнхэр Дунайн вальс, Венийн ойн үлгэрүүд зэрэг бүтээлүүдээ туурвисан гэдэг. 1869 онд дүүгээ дагуулан Оросод очиж байсан бөгөөд зовлон тохиолдож эмчилгээгүй өвчний улмаас 43 насандаа Йозеф нас нөхчжээ.
Эцэгтэй нь адил түүх давтагдаж өрсөлдөгч дүүгээсээ хойш Йоханны алдар суу ганцаараа мандах цаг эхэлжээ. 1870 онд Венийн сонинууд өрсөлдөн Штраус ”оперетта” бичиж байгаа тухай шуугилдаж эхлэв. Энэ үеэр түүний нэр төр болсон эхнэр нь ертөнцийг орхив.
Үнэндээ ч Штраус энэ олон вальс, ордны цэнгээний хөгжим удирдахаас уйдсан байлаа. Харин үүнийг нь үргэлжлүүлсэн хүн бол түүний 3 дахь дүү Эдуард Штраус байсан юм. Йоханы анхны оперетта нь “Индиго ба 40 дээрэмчин” нэртэй гарахад үзэгчид ура хашгиран хүлээж авлаа. 3 дахь оперетта нь түүний алдарт “Сарьсан багваахай” байлаа.
1874 онд анхныхаа тоглолтыг хийсэн энэхүү опереттаг Венчүүд маш хүндэтгэлтэйгээр гардан авсан билээ. Хэдийгээр тэр энэ бүгдийг өөрөөсөө хэтэрсэн их ачааллыг даван туулж бүтээсэн ч гэсэн дэлхийн хөгжмийн ертөнцөд гайхамшгийг бүтээж чадсан юм. Үнэнч туслагчаа алдсан явдал түүнд хүнд цохилт болсон боловч алдар нэр амжилт хоёр нь түүнийг хамгаалж байлаа. Ордны цэнгээнийг удирдахаас татгалзсан нь харин түүнд ямар нэгэн хаалт хавчлагыг авчраагүй бөгөөд тэр дэлхийн орнуудаар аялан тоглох гараагаа эхэлсэн билээ.
Тэр үеийн Санкт-Петрбург, Москва, Париж, Лондон, Нью-Йорк, Бостоны үзэгчид алдар нэр нь хэт түгсэн түүнийг амьдаар нь харах завшаан тохиолдсон юм. Түүний орлого үлэмж өсч Вений элитүүдийн хүрээнд орж ирсэн бөгөөд хувийн ордон бариулж тансаг сайхан амьдрах болов.
Эхнэрийнх нь үхэл,мөн амжилтгүй болсон 2 дахь гэрлэлт зэрэг нь түүнд үргэлж сэтгэлийн дарамт учруулж байсан ч удалгүй 3 дахь эхнэртэйгээ учирч амьдрал дахин цэцэглэж эхлэв.
“Венецийн шөнө” опереттагаа бичиж дуусангуут алдарт “Цыганы барон” опереттагаа үргэлжлүүлэн бичжээ.
Түүний 60 насны ойтой давхцан 1885 оны 10 сарын 24-нд анх тоглосон энэ оперетта Венчүүдийн хувьд жинхэнэ үндэсний хөгжмийн баяр болж цаашлан Герман, Австрийн бүх том театруудаар хүндэтгэлийн ёслолын ажиллагаа болон үргэлжилсэн билээ.
Штраусын хувьд энэ бол гайхалтай зүйл биш байсан бөгөөд сэтгэл нь хөгжмийн өөр орон зайг эзлэж шинэ дуурийн эрэл хайгуул руу татаж байлаа. Тэр тухайн үеийнхээ хөгжмийн чиг хандлагыг анхааралтай ажиглахын зэрэгцээ сонгодог хөгжимд суралцаж мөн Й.Брамс, Ф.Листийн хэмжээний хөгжмийн томчуудтай дотно нөхөрлөж байлаа.
Түүний шинэ оперетта болох “Венийн цус” нь үзэгчдийг төдий л байлдан дагуулж чадсангүй. Гэсэн хэдий ч 1894 онд Веначууд Агуу их “Вальсын хаан”-ныхаа хөгжмийн удирдаачаар ажилласаны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм.
Штраус ч гэсэн өөрөө хахир зэвүүн 20-р зууны хаалга тогшиж байгаа энэ үед уур амьсгал нь алга болсон өөрийнх нь ид үеийн сайхан дурсамж болж байгааг ойлгосон билээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэр найз нартайгаа бильярд тоглон цаг нөхцөөж гэрээс гаралгүй өнгөрөөсөн байдаг.
“Сарьсан багваахай опереттын 25 жилийн ой дээр түүнийг ятгаж байгаад эхлэл хөгжмийг нь удирдуулсан байдаг. 1899 оны 6 сарын 31-нд түүний эцгийг оршуулсан шиг Вена хотынхон түүнийг эцсийн замд асар хүндэтгэлтэйгээр үджээ.
Ан дер Виний “Сарьсан багваахай”
“Сарьсан багваахай“оперетта нь немц хэлнээс гаралтай “Die Fledermaus” гэсэн нэрээрээ дэлхийн хөгжилтэй орнуудын тайзаар тархжээ.
Орос хэлнээ “Летучая мышь” гэж орчуулагдсан байх бөгөөд монгол хэлний үгсийн санд “нисдэг хулгана” бус “сарьсан багваахай” нэрээр байдаг.
Анх тавигдсан цагаасаа хойш дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, нийгмийн ухамсар оюуны хөгжлөөрөө тэргүүлж явдаг орнуудын тайзнаа маш олон хувилбараар бүтээгдэхдээ өндөр түвшний үзэгчдийн зүгээс “Венийн опереттын хаан титэм дээрх сувд”, “Амьдралын буцлан дэвэрч буй баяр баясгалан”, ”Дионис бурхны баяр цэнгэл”, ”Тансаг садарлал”, “Бүх опереттын дундаас хамгийн жинхэнэ нь” гэх зэрэг сэтгэл хөдөлсөн магтаалын үгнүүдийг хүртэж байсан нь зарим баримт бичигт үлдсэн байдаг аж.
Энэ бүтээл 140 жилийн амьдралыг туулахдаа арьс өнгө үндэстэн ястан, хот, хөдөө ялгахгүйгээр хүн төрөлхтөнд гэр бүл, хайр сэтгэл, хосоор амьдрах хариуцлага, ёс суртахуун, хүн чанарыг тунхагласан мөнхийн дуулал болон эгшиглэсээр байхын зэрэгцээ жинхэнэ мэргэжлийн урлаг гээч хүчин зүйлийн тансаг мэдрэмж, хөнгөн таашаал, гоо сайхан, нөр их хөдөлмөр, ур чадвар, хичээл зүтгэлийн мөн чанарыг сэтгэлд ханх татуулсан хүн төрөлхтний оюуны нандин өв болон үлджээ.
1872 онд Вена хотын “Ан дер Вин” (Ауф дер Виден гэж бас хэлдэг) театрт Францын водевиль болох Анри Мельяка, Людовика Галеви нарын "Сэрүүлэгтэй цаг» инээдмийн жүжиг тавих болсон ч театрын дарга М. Штейнер энэ санаанаас татгалзсан нь уг водевиль нь Юлиус Бенедиксийн "Гяндангийн хорио» жүжгийг өөрчилсөн гэж үзсэнтэй холбоотой байв.
Гэхдээ санаа эндээс гарсан байж болох ба М. Штейнер “Сарьсан багваахай“ зохиолын хар зургийг гаргаад Й.Штрауст опереттад зориулсан хөгжим бичихийг санал болгосон гэдэг.
Хөгжилтэй хэрнээ уран ухаанаар асуудлыг шийдсэн, баяр цэнгэлийн уур амьсгалтай тэр зохиол Штрауст маш их таалагдсан бөгөөд онгод дуудсан 6 долоо хоногийн дараа хөгжим бэлэн болж 1874 оны 4 сарын 5-нд “Ан дер Вин” театрт анхны тоглолтоо хийсэн түүхтэй.
Анх тоглохдоо айхтар сүрхий шуугиан дэгдээгээгүй ч гэсэн Венийн театруудын тайзнаа тоглогдсоор байсан бөгөөд нийгмийн оюуныг цэвэршүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар 20-иод жилийн дараа үзэгчдийн шүүлтүүр дамжсаар чанар нь танигдаад ирэнгүүт агуу их нэр төр, амжилт магтаалыг авчирч чадсан хосгүй гайхалтай бүтээл юм.
Алтан Дорнодын “Сарьсан багваахай”
Дэлхийн хөгжмийн ертөнцийн ноён оргилд эрхэмсгээр заларсан энэ бүтээл мэндэлснээсээ хойш 130 гаруй жилийн дараа Азийн Монголын их урлагтай ураг барилдсан билээ.
2009 онд энэ бүтээл бидний төрөлх хэл дээр тавигдан Монголчуудын мэлмий, сонор, сэтгэлийг мялааж соёл иргэншилт хүн төрөлхтний гайхамшигт өвийг мэдрүүлсэн нь Чингисийн хэмээн бахархах дуртай бид 21-р зуунд соёл иргэншилт цэнхэр дэлхийн хаана явааг тодорхойлсон тэнгэрлэг үйл явдал болсныг санахад өчигдөр мэт.
Гэтэл түүнээс хойш 10 хүрэхгүй жилийн дотор эртний өндөр соёлт Монголчуудын ген ямар хүчтэй болохыг харуулсан өндөр баллын доргилт хан хурмастын наран газар доороос гэнэт гарч ирдэг Монголын нүд алдам их талын дунд болох гэж байгааг дэлхий хараахан мэдээгүй байна.
Энэ бол Дорнот аймгийн Хөгжимт Драмын Театрын тайзнаа Й.Штраусын “Сарьсан багваахай” оперетта удахгүй тавигдах гэж байгаа явдал юм.
Ер нь мэргэжлийн хөгжмийн театрын урлагт зориулсан буффа, буффанода, водевиль, скоморохи, зиншпиль, хөгжимт драм, дуурь, хошин дуурь, оперетта, мюзикл, мюзикл- дуурь, мюзикль-оперетта зэрэг маш олон төрөл байдгаас Монголд хөгжсөн нь зөвхөн дуурь байдаг.
Өнгөрсөн зуунд Монголын төр засгийн бодлогоор орон нутгийн урлагийн байгууллагууд улаан булан, соёлын ордон, хөгжимт драмын театр гэх мэтээр дандаа урагшаа дэвшин хөгжсөөр ирсэн байх бөгөөд үүнийг даган бүтэц зохион байгуулалт, статус зэрэг нь мөн л урагшилсаар ирсэн байдгийг голох хэрэггүй юм.
Гэхдээ дээрх нарийн мэргэжил, хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардаж байж бүтдэг төрлүүдээс манай үзэгчид ихэнхийг нь мэдэхгүй байгаа нь олон улсын түвшинд яривал бас худлаа биш юм.
Монгол улс нийгэм эдийн засгийн хүрээнд олон улсын зах зээлийн зарчим руу эргэлтгүй орж зарим салбар дээр багагүй амжилтыг олж байгаа ч нийгмийн оюуны салбарууд мөн л энэ хөгжил рүү мөр зэрэгцэн орох шаардлагыг цаг үе тавьж байгаа юм.
Өнөө үед олон нийтийн сэтгэхүйд урлаг болон урлагийнхан хэмээн ойлгогдоод байгаа хошин шогийн үзүүлбэрүүд, зохиолын дуу гэх мэт урсгалууд нь зах зээлийн зохион байгуулалт руу орж байгаа манай улсын хувьд үүргээ маш сайн биелүүлж ирснийг үгүйсгэж болохгүй ч хүн төрөлхтний хагас мянган жил хөгжүүлж хүлээн зөвшөөрч ирсэн мэргэжлийн сонгодог урлагийг ард түмэндээ хүргэж мөн чанарыг нь ойлгуулах хүнд хүчир гэгээн үйлсэд зориг шулуудан орж байгаа Дорнотынхонд Монголчууд талархах түүхэн цаг үе ойртож байна.
21-р зуунд спортын өндөр амжилт үзүүлж олимпийн алтан медалийг эзэгнэсэн талын хүчирхэг Монгол үндэстэн мөн л адаилхан дэлхийн сонгодог урлагт оюуны хүч чадлаа гайхуулан алс зайдуу орон нутгийн ХДТеарт Й.Штраусын опереттаг бүтээх гэж буй нь дэлхийд байр сууриа эзлэх шинэ эрин эхэлж байгааг зарлаж байна гэж ойлгоход гайхах зүйлгүй юм.
Орон нутгийн театрууд дотроос мэргжлийн хөгжмийн театрын урлагийн төрлөөр хамгийн өндөр түвшинд өөрийгөө авчирч чадсан нь Дорнот аймгийн ХДТ билээ.
Энэ бол яах аргагүй МУУГЗүтгэлтэн, Дорнот аймгийн унаган хүү, хөгжмийн зохиолч, удирдаач В.Боролдойн олон жилийн уйгагүй махруун хичээл зүтгэл, хөдөлмөр тэмцлийн үр дүн гэдгийг өнөөдөр түүх өгүүлж байна.
Одоогоос 30 гаруй жилийн тэртээ үүсгэн байгуулагдсан энэ театрын симфони найрал хөгжим хэдийгээр Хөгжимт драмын театрын статустай, хүний нөөц багатай байгаа ч өнөөдөр энэ агуу бүтээлийг өөрийн тайзнаа дуудан авчирсан байгаа нь,театрын залуу удирдлага, уран бүтээлчид бүгд сэтгэл, зорилго нэгдэн орчин үеийн Монголын их урлагийн шилдэг уран бүтээлчидтэй эв саналаа нэгтгэж, хамтран энэ том үйлсийг бүтээхийн төлөө зориг шулуудсан байгаа нь, нийгмийн оюуны хөгжил зөвхөн нийслэл хотоор төсөөлөгддөгийг халах цаг нэгэнт болсныг харуулж байна.
Монголын 2 дахь мэргэжлийн статус бүхий хөгжмийн театрын хаалгыг 21-р зуун нээчихээд эздийг нь хүлээж байгаа гэж ойлгосон ч болох талтай.
ССАЖ-ын яамны бодлого ч мөн энэ зүг рүү онцгой чиглэгдэж байгаагаас гадна мэргэжлийн урлагийн зарим байгууллагууд ялангуяа Хөгжим бүжгийн коллеж Монголын урлагийн ирээдүй болсон өөрийн сургуулийн оюутнуудыг тус театртай холбож дэмжлэг үзүүлж байгаа явдал, Дорнот аймгийн засаг даргын алба, бусад дэмжигчид сэтгэл гарган оролцож байгаа нь төр түмнийг төвшитгөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй хэмээсэн их жанжны үгийг санагдуулна.
Энэхүү опереттын гол агуулга нь амар амгалан нийгмийг цогцлуулахад, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүл, хайр сэтгэлийн тухай асуудлыг гол зорилгоо болгон дэвшүүлэн гаргасан байх бөгөөд хүмүүсийн өдрийн амьдрал шөнийн амьдралын ялгаа, хосоор амьдрагч, гон бие амьдрагчдын сэтгэхүйн ялгаа, өнөө үеийн дэлхийн урлаг ялангуяа кино урлагт тэр дундаа зах зээлийн балчир ухамсар нь төлөвшиж чадахгүй байгаа цэл залуу Монголын иргэдийн оюунд хэтэрхий шууд орж ирж байгаа мөнгө хөөцөлдсөн порн-натурализмаас тэс өөр, цусан хонзон бус наргиант өшөө авалт, төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал, архи дарс наргиан цэнгээнийг сонгодог хувилбараар тансаг хөгжимтэй хослуулан урласан, манай өнөөдрийн нийгэмд ч байгаа иргэн хүний дутагдлыг доромжилж шоолоогүй харин тааламжтай мэдрэмжээр өөртөө шүүмжлэлтэйгээр хандах нөхцлийг үзэгчдэд бүрдүүлж өгснөөрөө хүн төрөлхтний талархлыг 100 гаруй жил хүлээсээр иржээ.
Зохиолын гол баатрууд ч гэсэн аль ч нийгэмд мөнхийн байдаг дүрүүд байх бөгөөд тансаг хөгжмөөр чимэглэсэн яриан хэлбэрээр гол утгаа зангидсан, мөн үзэгчдийн анхаарлыг элдэв үнэн худал рекламаар татах, зөвхөн мөнгө олохын төлөө хөөцөлдөх зэргээс урлагийг ангид байлгаж, нийгмийн салан байдлыг дагаж жаргон үг хэллэг хэрэглэдэггүй, стресс бухимдал дагаж үндэстний хэл, үгсийн санг эвддэггүй, соёлтой үг яриаг хэрэглэж, нийгмийн сэтгэхүйг төлөвшүүлж байдгаараа оперетта нь жирийн үзэгчдэд ойлгоход хялбархан, сонсголонтой байдаг.
Хууль ёсны эхнэртэй боловч архи, дарс, наргиан цэнгээн, сайхан бүсгүй мөрөөдөж явдаг өндөр цалинтай албан хаагч Габриел Айзенштайн, хэзээ нэгэн цагт нэгэн дуучин залуугийн хоолойнд болж сэтгэл алдарч явсан ч нэгэнт хүний эхнэр болж түүндээ үнэнч байх хувь заяатайгаа эвлэрсэн ч ажилтай явна гээд гэрийн бараа хардаггүй нөхрөө өдөржин шөнөжин хүлээж суудаг, дараа нь шоронд хоригдоно гэж хэлээд айлын найр луу явсан нөхөртөө танигдахгүйн тулд Сарьсан багваахайн дүрээр очиж өөртөө сээтэгнүүлж байгаад барьж байгаа Розалинда бүсгүй, хэдэн жилийн өмнө найз Айзенштайнтайгаа хамт нэгэн хотын багт наадамд Сарьсан багваахайн дүрээр оролцож тэндээ нам согтоод маргааш нь авгай хүүхдүүдийн элэг доог болсон, найз Айзенштайнд чадуулсан хариугаа авах боломжтой мөчийг удаан хүлээсэн нотариатчин Фальк, Айзенштайны гэрт үйлчлэгчээр ажилладаг ч эзэн, эзэгтэй хоёрынхоо харьцаанаас залхаж эрх чөлөөт амьдрал хүссэн үзэсгэлэнтэй, сэргэлэн ч боловсрол муутай хамаа намаагүй зантай охин Адель, урд өмнө нь Розалиндад сэтгэл алдарч яваад нөхөртэй болчихсон хойно нь гэрт нь ирж хоргоож байгаад Айзентайны оронд гэрийн эзэн хэмээн андуурагдан баривчлагдаж шоронд хүргэгдэж байгаа дуучин Альфред, албан ажилдаа хариуцлагагүй хандаж өөр хүнийг баривчланд шоронд хийчихээд найран дээр очин жинхэнэ хэрэгтэнтэйгээ найз болон архидаж байгаа гяндангийн захирагч Франк, ажилд мэргэжилдээ үнэнч хариуцлагатай боловч хэтэрхий олхиогүйгээсээ болоод захиалагчдаа байнга доромжлуулан бүтэлгүйтэж явдаг ээрүү гацаа өмгөөлөгч Блинд, Орос гаралтай баян тансаг вангийн гэрт төрж өссөн мөнгөнөөс уйдаж, амьдралын баяр баясгаланг эрж хайсан хан хүү Орловский, шоронгийн хуяг мөнхий согтуу Фрош зэрэг нь хөгжиж байгаа, хөгжингүй, хэт хөгжилтэй аль ч нийгэмд өөр өөрийн түвшинд байдаг дүрүүд юм.
Зарим урлагт энэ дүрүүдийг аймшигтай, аюултай, сэтгэл түгшээсэн, хүнд дарамттай, зовиуртайгаар харуулсан байдаг бол дэлхийн сонгодог урлагийг тэргүүлж явдаг Австрийн энэ уран бүтээлд инээд наргиан, тайз засал чимэглэлийн уран тансаг байдал, хөгжмийн яруу тунгалаг, үзэгчдээс чимхлүүр мэдрэмж шаардсан эгшиглээ, жүжигчдээс нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан байдгаараа өвөрмөц онцлогтой юм.
Хэдийгээр Монголын үндэсний урлагт дэлхийд хосгүй гайхамшиг олон байдаг ч бидний бас мэддэггүй гайхалтай торгон мэдрэмж Европын энэ урлагт олон байдаг тул даяарчлалын эринд дэлхийн улс үндэстнүүд бие биенийхээ нийгмийн оюуны хөгжлийн нууцад нэвтрэн, харилцан суралцаж тун удахгүй богинохон хугацаанд өөрийн гэсэн үндэсний мэргэжлийн хөгжмийн театрт зориулсан урлагийн цоо шинэ төрлийг Дорнотын Хөгжимт драмын театрынхан гаргаж ирэх нь дамжиггүй.