“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сургалтад хамрагдав

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдэд зориулан “Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт семинарыг өнгөрсөн долоо хоногт /09.05/ зохион байгууллаа.

Семинарыг 2104 оны хоёрдугаар сараас эхлэн Монголд хэрэгжүүлж буй “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд явуулсан бөгөөд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн 20 гаруй сэтгүүлч хамрагджээ.

Өнгөрөгч оны есдүгээр сард Парис  хотноо хуралдсан “Спорт дахь допингийн эсрэг” ЮНЕСКО-гийн сангийн төсөл батлах хорооны хурлаар нийт 27 улсын төслийг дэмжиж, санхүүжилт олгохоор болсны дотор Монгол улс багтаж 2014-2015 онд уг төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд спорт холбоод болон тамирчдад сэргээшийн сөрөг үр дагаврын талаарх цэгцтэй ойлголт өгөх, хүмүүс мэдээлэл авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөлжсөн вэб сайт ажиллуулах, шууд сурталчилгаа, танхимын сургалтаар допингийн эсрэг мэдлэг олгох, спортын хэвлэл мэдээлэл, төрөлжсөн сувгуудаар цацагдах энэ төрлийн мэдээллийн давтамжийг нэмэгдүүлж, үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах, допингийн хяналтын талаар видео танилцуулга хийх зэрэг ажлуудыг шат дараатай явуулж байгаа болно.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д  нэгдэн орж байжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж