Далай лам залгамжлагчаа тодруулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Далай лам залгамжлагчаа тодруулахгүй гэв

 

Дээрхийн гэгээн XIV Далай лам саяхан Германы нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Төвдийн буддын шашин нэг хүнээс хамааралтай байсан шашны хуучинсаг үзэл төгсгөл болж байна хэмээгээд өөрийгөө Төвдийн шашны сүүлчийн тэргүүн гэжээ.

 

Дээрхийн гэгээн өөрийнхөө залгамжлагчийг тодруулах шаардлагагүй хэмээн мэдэгджээ.  “The Welt am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа Дээрхийн гэгээн "Бид таван зууны турш Далай ламыг тодруулж ирсэн. Тэдэн дундаас XIV Далай ламын нэр хамгийн их алдаршсан. Тиймээс Далай лам надаар дуусаг. Хэрэв Далай ламын дараагийн дүр нэр хүндгүй нэгэн байвал Далай ламын нэрийг гутаана шүү дээ” хэмээн инээмсэглэн өгүүлжээ.  Дээрхийн гэгээн цааш өгүүлэхдээ:

 

"Төвдийн Буддын шашин нэг хүнээс хараат биш. Бид Буддын гүн ухаанд нэвтэрхий олон шавь, лам нараас бүрдсэн сайтар зохион байгуулагдсан бүтэцтэй.” хэмээсэн байна.

 

Дээрхийн гэгээн Далай лам 1951 онд Хятад Төвдийг түрэмгийлэн эзэлснээс хойш нэг жилийн дараа эх нутгаасаа дүрвэн, 1959 онд Төвдөд Хятадын засгийн бодлогыг эсэргүүцсэн үймээн самуун хүчирхийллээр дууссаны дараа Энэтхэг рүү гарсан юм. Нобелийн энхтайвны шагналт Далай лам улс төрийн улстөрийн үүргээ Харвард төгссөн Лувсан Сэнгээ гэх залууд шилжүүлсэн билээ.

 

Гэсэн хэдий ч Далай лам Төвдөд төдийгүй Энэтхэгт  нөлөө бүхий хүн, Хятадын засгийн бодлогыг эсэргүүцэгч гэдгээрээ алдартай билээ.

 

Өдгөө 79 настай Дээрхийн гэгээнээс цаашид хэр удаан сүсэгтнүүдэд ном айлдах вэ гэсэн асуултанд тэрбээр "Эмч нар намайг 100 насална гэж хэлсэн. Харин би өөрийгөө 113 хүрнэ гэж зүүдэлсэн.” гэжээ.

 

"Би эх дэлхийдээ дахин ухамсарт бодгаль болон дахин төрнө гэж итгэж, залбирдаг.”

 

Түүнээс Төвдөд дахин төрөх эсэхийг асуухад Дээрхийн гэгээн “Тэр гарцаагүй. Хятад энэ маягаар удаан оршихгүй. Ардчилсан нийгэм рүү шилжиж, дэлхий нийтийн чиг хандлагыг дагах л болно” гэжээ.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж