Баян-Өлгий аймагт энэ сарын эхээр ОХУ, БНХАУ-ын хил орчмын муж, аймгийн удирдлагууд уулзалт хийжээ. Тус аймаг нь баруун талаар БНХАУ-ын ШУӨЗО-той, хойт талаараа ОХУ-ын Алтайн БНУ-тай хиллэдэг, шууд харилцаатайгаар онцлогтой билээ. ОХУ-ын Алтайн БНУ-ын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын Сайд Н.А.Алчубаев тэргүүтэй төлөөлөгчид, Хятад улсын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг захиргааны Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Марлан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал нар хамтарсан уулзалт хийж, эдийн засаг, дэд бүтэц, худалдаа үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Уг уулзалтаар хоёр жилийн өмнө байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу Хятад улстай хил залгаа Даянгийн чиглэлээс Өлгийн төв, Өлгийгээс Цагааннуур, ОХУ-ын Тошантын хилийн боомт хүртэлх засмал замыг хамтарсан хөрөнгө оруулалтаар тавих, ОХУ-ын визний асуудлыг шийдвэрлүүлэх, Хятадын зэс боловсруулдаг компаниудын хөрөнгө оруулалтаар Толбо сумын зэсийн ордыг ашиглалтад оруулах талаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс олон талт гэрээнд гарын үсэг зуржээ.