Хэдхэн хоногийн зайтайгаар Монголд ирээд буцсан хоёр их гүрний ерөнхийлөгчийн айлчлал манай улсын нэр төрийг өндөрт өргөлөө. Далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн дэлхийн хоёр их гүрний хажууханд орших буурай улсын хувьд Си Жиньпин болон В.Путины айлчлал Монголын эдийн засаг болон гадаад үнэлэмжид нөлөөлөхүйц ач холбогдолтой болж чадлаа. Мэдээж, хоёр хөршийнхөө удирдагчийг урьж авчирна гэдэг амаргүй ажил. Ялангуяа нэг жилд, цөөхөн хоногийн зайтайгаар зочлуулна гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хийсэн хичээл зүтгэлийн илрэл гэж хэлж болно.
Монгол Улс сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгөө ойлголцлын болон итгэлцлийн зөрүүтэй, нэг үгээр хэлбэл, жаахан хөндийдүү байсан харилцаагаа сайжруулахаар хийсэн оролдлого ямар ч байсан дэлхийн нийтийн анхаарлыг дахин татахад хүрлээ. Ялангуяа энэ сарын 11-12 буюу энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Тажик улсын Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзахаар товлосон нь том ололт юм. Орчин цагийн түүхэнд Элбэгдорж-Си Жиньпин-Путин гэсэн шинэ үзэгдэл бий болж байгааг ч олон улс онцолж байна.
Наймдугаар сарын 22-нд хийсэн Хятадын удирдагч Си Жиньпиний Монголд хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр хорь гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орныг хөгжлийн галт тэргэнд хамтдаа суух эхлэл болсон гэвэл В.Путины хагас өдөр манай улсын хийсэн ажлын айлчлал хугацаа давчуу ч агуулгын хувьд том гэдгийг манай Ерөнхийлөгч онцолсон.
Гурван талын уулзалтыг Монголын талаас санаачилсан бөгөөд энэ нь манай орны эдийн засаг, геополитикийн хувьд ч багагүй ач холбогдолтойг гадаад, дотоодын эрдэмтэд онцолж байна.
Тухайлбал, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины институтын орлогч захирал, профессор Сергей Лузянин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гурван талын уулзалт санал болгосноор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсөн нэмэгдэж байгаа Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг Оросын оролцоотойгоор аажмаар тэнцвэржүүлэхийг хүсч байгаа байх. Хэзээ ч өмнө нь гурван орны төрийн тэргүүн албан ёсоор гурвуулаа уулзаж байгаагүй. Тиймээс хэрвээ уулзалт болж, албан ёсны бичиг баримт зурагдвал геополитикийн их үсрэлт болох юм” хэмээн дүгнэсэн бол “Хөрш хоёр гүрний төрийн тэргүүн нарын айлчлал утга агуулга, цаг хугацааны хувьд зөвхөн Монгол, Орос, Хятад гэсэн гурван орон төдийгүй Ази тив, дэлхийн нийтийн хувьд онцгой үйл явдал боллоо. Магадгүй, Чингис хаанаас хойшхи 700-800 жилийн дараа анх удаа Орос, Монгол, Хятадын нутгийг хамарсан хамтын ажиллагааны шинэ тэнхлэгийн эхлэлийг эдгээр айлчлалаар шийдлээ” хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай дүгнэжээ.
Ямар ч байсан хөрш орнуудын Монгол Улсад хийсэн айлчлал эдийн засгийн талаасаа ч геополитикийн талаасаа ч чухалд тооцогдож байгааг тоохгүй өнгөрч боломжгүй.
Дэлхийн зах зээлд гарцгүй, Монголын нэг талд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа Хятад улс, нөгөө тал зэр зэвсэг болон цэрэг техникийн асар их арвин туршлагатай Орос орон оршиж буй бөгөөд тэдний шахалтыг тэнцвэржүүлэх нь Улаанбаатарын зүгээс барьж буй нэг том бодлого. Хоёр хөршийнхөө хувьд харилцаагаа сайжруулснаараа магадгүй их гүрнүүдийн чимээгүй хийж байгаа тэмцлийг тэнцвэржүүлэх, ингэснээрээ өөрсдийнхөө бодлогыг хамгаалах манай улсын тактик юм. Хэн нэгэнтэй нь хэтэрхий сүжрэлгүй, хоёр хөршдөө тусгаар улсын хэмжээнд харилцан ойлголцож, хамтран хөгжих төлөвлөгөөгөө Монголын Улаанбаатарт зурсан нь зүүн Азийн бүс нутагт асар том өөрчлөлт оруулах эхлэл ч байхыг үгүйсгэхгүй. Элбэгдорж-Си Жиньпин-Путин гэсэн гурвал дэлхийн анхаарлын төвд орлоо.
Ж.ЭРХЭС