Өчигдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд эхэллээ.
Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 бөх дэвжээнд гарснаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байр эзэлж багтаа шагналын оноо авчирлаа.
Э.Бэхбаярын хувьд тайвуун, өөртөө итгэлтэй барилдаж медалийн үзүүрээс барьж аваад алдлаа. Шүүгчдийн нөлөө орсон ч гэж болохоор, ялангуяа хүрэл медалийн төлөө барилдаанд ард нь гараад хоёр гараа холбож чадсан бол, хөлөөс нь зуурч авч чадсан бол медаль бараг л хүзүүнд нь зүүлттэй байлаа. Э.Бэхбаяр энэ жил 22 настай, өмнө нь их ирээдүй байна. Манай хөнгөн жингүүдийн шилдэг бөхчүүд болох Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Д.Цогтбаатар нарыг залгаад Э.Бэхбаяр, Б.Номин, барын зулзага З.Занабазар гээд хэд хэдэн авьяаслаг бөхчүүд гарч ирж байгаа нь бөх сонирхогчдыг баярлуулж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
86 кг-ын жинд барилдсан Ж.Чулуунбатын хувьд хүнд жинд сүүлийн хэдэн тогтвортой барилдаж байна. Бэлтгэл хангагч олдохгүй нөхцөлд ч өдий зэрэгтэй амжилт гаргаж байгаа нь чөлөөт бөхөд, их спортод үнэнч байгаагийнх нь нотолгоо болж байна.
Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Америкийн бөх Энтони Рамосыг хөлд нь явж хөлөө хамгаалж барилдсаар ялсан. Энэтхэгийн бөх Рахул Аваретэй барилдахдаа энэ үед хөлд нь орж дараа нь дэвжээтэй шахаж эргүүлэх мэх хийж 8 оноо авч дараа нь Энэтхэгийн бөхийн хөлд дэгээдэж ордог мэхэнд орж 4 оноо алдаж хоёрдугаар үед хөмрүүлж 4 оноо алдаж дээр нь үлдэж 1 оноо нэмж авч ялсан. Энэтхэгийн бөх бол гулжгасан ардаа гаргаад оноо алддаггүй их эвгүй бөх байсан. Болгарын бөх Мехмед Фераимийг хоёр удаа хөлд нь явж илүүрхэн барилдаж дийлсэн.
Энэ жинд БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний алтан медальт Кьонг Ил Янг Японы бөх Юки Такахаши, Ираны бөх, дэлхийн аврага Хасан Рахими, Гүржийн бөх Владимир Хинчегашвили гээд маш ширүүн өрсөлдөгчдийг ялж хоёр дахь түрүүгээ авлаа. ДАШТ-нд гурав дахь удаагаа түрүүлэх зорилготой ирсэн Оросын бөх В.Лебедев, Ираны бөх Хасан Рахимид дэвжээний захад түлхүүлж оноо алдаж барилдааны төгсгөлд тактикийн алдаа гарган цэвэр ялагдаж, медальгүй хоцорсон юм.
70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр Тажикийн бөх З.Есуповтой барилдахдаа хөлдөө алдаж оноо алдан ялагдав. Өнгөрсөн жил мөн хоёрдугаар тойрогт хожигдож байсан юм. Манай бөх даацтай мэх хийсэнгүй, хөлд явсангүй.
86 кг-ын жинд О.Үйтүмэн хоёрдугаар тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарч 4:11 онооны харьцаагаар ялагджээ. Ялах бүрэн боломжтой байсан ч хийсэн мэхэндээ оноо алдсаар дийлжээ. Өнгөрсөн жил гурван барилдаан хийж, хоёр ялж байсан юм.
Энэ жинд Болгарын бөх, дэлхийн аварга Михаил Ганев, поуэрто-рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Хайме Эспиналь, Унгарын бөх ДАШТ-ний хүрэл медальт Иштван Вереб нар медальгүй хоцорлоо.
125 кг-ын жинд Оросын бөх олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурат Гацалов мөнгөн медалийн төлөө барилдаанд Ираны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Комейл Гашемид 4:5 онооны харьцаагаар ялагджээ.
Эхний өдрийн барилдаанд АНУ, Беларусь, БНАСАУ, Гүрж, Иран, ОХУ, Турк гээд бөхийн спорт хөгжсөн орны бөхчүүд медалиудыг хуваан авлаа. Оросууд 2 алт, 1 хүрэл авч тэргүүлж эхлэсэн бол иранчууд 1 мөнгө, 2 хүрэл, туркууд тус бүр 1 алт, мөнгө, хүрэл, беларусьчууд 2 хүрэл медаль хүртлээ. 70 кг-ын жинд Узбекийн бөх Бекзод Абдурахманов хүрэл медаль авч үзэгчдээ баярлууллаа.
70 кг-ын жинд Оросын бөх Хетаг Цаболов, 86 кг-ын жинд Абдулрашид Садуллаев нар ДАШТ-нд анх удаа оролцсон ч тасархай түрүүлж, чөлөөт бөхийн шинэ одууд төрснийг тунхаглан зарлалаа.
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болох бөгөөд ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Азийн аварга, Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нар барилдана.
61 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт словакийн бөх Микола Болотняктай таарчээ.
Энэ бөхийг явбал хоёрдугаар тойрогт өнгөрсөн жил мөнгөн медалийн төлөө барилдаанд ялагдсан болгарын бөх Владимир Дубов, ираны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Масуд Исмаилпур хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт БНАСАУ, Казахстан, Турк, Японы шилдэг бөхчүүд нөгөө хэсэгт Оросын бөх Богомоев, Азербайжан, Гүрж, Украиний бөхчүүд орсон байна.
65 кг-ын жинд 32 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт украиний бөх Титал Жафарянтай таарч хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга Дэвид Сафарян, канадын бөх Хайслан Венарис хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт оросын бөх Сослан Романов, Болгар, Казахстан, Энэтхэг, Японы шилдэг бөхчүүд байна.
Нөгөө хэсэгт Ираны бөх, Азийн аварга Саид Ахмад Мохаммади, Пуэорто-Рико улсын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Франклин Гомес, АНУ, БНАСАУ, Азербайжан, Гүржийн бөхчүүд байна.
Кубын бөх олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Ливан Лопез Азкуй ирээгүй байна.
74 кг-ын жинд 32 бөх барилдаж байгаагаас Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нэгдүгээр тойрогт Казахстаны бөх Галымзан Иссербаевтай таарчээ. Энэ бөхийг ялбал Гүржийн бөх Жумбер Захиров, Туркийн бөх Сонер Демирташ нарын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт Унгарын бөх, олимпийн болон ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Габор Хатош, Ираны бөх, Азийн аварга Алиреза Афзали, Азербайжан, Болгар, Куба, Японы бөхчүүд байгаа бол нөгөө хэсэгт АНУ-ын бөх, дэлхийн хошой болон олимпийн аварга Жордан Баррауз, Оросын бөх, дэлхийн хошой аварга Денис Царгуш, Узбекийн бөх, ДАШТ-ий хүрэл медаль Рашид Курбанов, Украиний хүчтэй бөхчүүд байна.
97 кг-ын жинд 31 бөх барилдаж байгаагаас бөх Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Узбекийн бөх Омар Омаровтой таарчээ. Энэ бөхийг ялбал дараагийн тойрогт Казахстаны бөх Ермикамбет Инкар, Австрийн бөх Жонас Людесжер хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт Азербайжаны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт Хетаг Газюмов, АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл медальт Жейк Вагнер, Украиний бөх, олимпийн мөнгөн медальт Валерий Андрейцев, Гүржийн бөх Элиебар Одиказе нар байна. Нөгөө хэсэгт Ираны бөх, дэлхийн хошой аварга Реза Яздани, Оросын бөх Абдусалам Гадисов, Турк, Японы шилдэг бөхчүүд байна.
2014 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн
Узбек улсын Ташкент хот, Гимнастикийн ордон
2014 оны есдүгээр сарын 8-10
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг
1. Кьонг Ил Янг (БНАСАУ, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга)
2. Владимир Хинчегашвили (Гүрж, олимпийн мөнгөн медальт, Европийн аварга)
3. Владислав Андреев (Беларусь)
3. Хасан Рахими (Иран, ДАШТ-ний алт, хүрэл медальт)
5. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол)
Энэ жинд 30 бөх барилдсанаас Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамосыг 2:0, 5:2, хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Рахул Аварег 8:4, 1:4, гуравдугаар тойрогт болгарын бөх Мехмед Фераимыг 3:0, 1:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх олимпийн мөнгөн медальт, Европийн аварга Владимир Хинчегашвилитэй барилдаж 1:3, 2:3 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Беларуссын бөх Владислав Андреевтэй өрсөлдөж 1:1 онооны харьцаагаар ялагджээ.
70 кг
1. Хетаг Цаболов (ОХУ)
2. Якуп Гор (Турк)
3. Бекзод Абдурахманов (Узбек)
3. Али Шабанов (Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт)
26. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
Энэ жинд 29 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Зелимхан Юсуповт 0:5. 0:6 онооны харьцаагаар дийлджээ.
86 кг
1. Абдулрашид Садуллаев /ОХУ, европийн аварга/
2. Рейнерис Перес Салас /Куба ДАШТ-ний мөнгө,
хүрэл медальт/
3. Селим Яшар /Турк/
3. Мохаммадхоссейн Аскари .Мохаммадиан /Иран/
26. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
Энэ жинд 38 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарч 4:11 онооны харьцаагаар ялагджээ.
125 кг
1. Таха Акгуль /Турк, ДАШТ-ний хүрэл медальт, европийн гурван удаагийн аварга/
2. Комейл Гашеми /Иран, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга/
3. Хажимурат Гацалов /ОХУ, олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга/
3. Тэрвэл Длагнев /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
7. Жаргалсайханы Чулуунбат /”Сүлд” спорт хороо/
Энэ жинд 26 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Вивьенасыг 10:0, хоёрдугаар тойрогт Македоны бөх Бобан Дановыг 4:0, 6:0 оноогоор ялж гуравдугаар тойрогт дэлхийн аварга, Беларусын бөх Алексей Шемаровт 2:6 онооны харьцаагаар хожигджээ. Дараагийн тойрогт Беларуссын бөх Туркийн бөх Таха Акгюльд ялагдаж манай бөх цааш барилдах боломжгүй болсон юм.
Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)