Хийн урт бууны дасгалаар тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Хийн урт бууны дасгалаар тэмцээн эхэллээ

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испанийн Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн ДАШТ-д 100 орны 2027 бууч 55 дасгалд цэц мэргээ сорих бөгөөд энэ тэмцээнээс 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.

Өнөөдөр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалаар тэмцээн эхэлж, энэ дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар буудлаа. Буудлагын дэлхийн аваргын өнөөдөр явагдсан хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 116 буудагч буудсанаас,


ОУХМ Н.Баяраа 620,7 оноогоор 48-р байрт,
ОУХМ Х.Бямбабаатар 619,5 оноогоор 61-р байрт
ОУХМ Б.Бишрэл 614,5 оноогоор 82-р байрт тус тус шалгарлаа.


Энэ дасгалд Хятадын залуу буудагч Ван Хаоран үндсэн буудлагандаа 632,1 оноо авч, дэлхийн залуучуудын рекорд тогтоосон бол финалд 207,9 оноо авч, дэлхийн аваргад анх удаа түрүүллээ. Тэрээр Ази тив, Дэлхийн цом, Дэлхийн цомын финал, хэдхэн хоногийн өмнө болсон  "Наньжин-2014" Залуучуудын олимпийн аварга бөгөөд энэ жил 18 настай. Харин мөнгөн медалийг Оросын буудагч Европ болон дэлхийн цомын аварга, дэлхийн рекордч, 25 настай Назар Лоугинец, хүрэл медалийг Беларусийн буудагч дэлхийн цомын мөнгөн медальт 40 настай Виталий Бубнович нар тус тус хүртлээ.


Багийн дүнгээр нийт 29 багаас Хятадын баг 1886,5 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчлэн түрүүлсэн бол Оросын баг 1880,5 оноогоор, Беларусийн баг 1874,0 оноогоор эхний байруудад шалгарсан бол Манай баг 1854,7 оноогоор 21-р байрт шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж