Засгийн газрын харьяа 11-11 төвд хандсан иргэдийн гомдлыг багцалбал, олон санал хүсэлт иржээ. Эрүүл мэндийн үйлчилгээ хүнд суртал ихтэй байгааг иргэд шүүмжилсний сацуу ТҮЦ машин ажиллахгүй байгааг мөн дайжээ. Энэ тухай №1409082104 зочин Баянгол дүүргийн Гранд плазад байрлах ТҮЦ машинаас лавлагаа авах гэтэл техникийн алдаа гээд хурууны хээ уншихгүй, мэдээлэл гаргаж өгөхгүй байсан. 77001111 дугаарт залгаж асуудлыг тавихад "Таны мэдээлэл бүрэн байна, шууд гарах боломжтой" гэж байсан. Эргээд холбогдоход "Сүлжээ байхгүй, 100 айлаас очиж мэдээлэл ав, хуруунд чинь асуудал байна" гэх мэтээр загналаа гэжээ. Мөн №1409085498 дугаартай зочин, торгуулиа төлөхөөр Төрийн банкинд очоод тушааж чадаагүй аж. Энэ нь Төрийн банкны данс нээх цаг богино байдагтай холбоотой бололтой. Гомдол гаргасан иргэн энэ тухай “Замын цагдаагийн торгуулийн хуудасны төлбөр төлөхөөр амралтын өдөр очиход төрийн сангийн данс нээгдээгүй байна гээд төлбөр төлөх боломжгүй байсан. Ажлын өдөр ажлаасаа эртхэн гараад банк ортол төрийн сангийн данс 16:00 цагт хаасан гээд мөн л төлбөр төлөх боломжгүй болж байна. Төрийн банкны дансны нээгдэх цагийг уртасгаж, иргэдэд чирэгдэл багатай ажиллах талаас анхаарна уу гэсэн байна. Үүнээс гадна дараах гомдлыг иргэд ирүүлжээ.
№1409085074 Хогны уут тарааж байгааг зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна.
№1409086965 Сурагчийн дүрэмт хувцасны үнэ төлбөр маш өндөр, материал муу байна. Нэг гэр бүлээс 4 хүүхэд сурдаг тул маш хүндрэлтэй байна. Энэ талаар арга хэмжээ авч өгнө үү.
№1409084992 Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа хангалтгүй байна. Эмнэлэгт хүүхдээ үзүүлэхэд эцэг, эхийн зөвхөн нэг нь байх гэдэг нь зүйд нийцэхгүй байна. Эцэг эхгүй орвол үзэхгүй, эцэг, эхчүүд нь хамт орохоор аль нэг нь гар гэх мэтээр үйлчилж байгаад гомдолтой байна. Энэ мэтчилэн үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй байна.
№1409087118 Баянзүрх дүүрэг "Хишиг" дунд сургуулийн жилийн төлбөр 2,000,000 төгрөг байдаг. Сургуулийн автобус явуулдаг бөгөөд унааны мөнгө гэж өдөрт нэг хүүхдээс 2000 төгрөг, хоолны мөнгө 3000 төгрөг хурааж авдаг. Нийтийн тээврийн үнэ, цай хоолны мөнгө нь хэт өндөр байгаад хяналт тавьж арга хэмжээ авч өгнө үү?
№1409085150 Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагчийг дүрэмт хувцасгүй гээд хичээлд нь суулгахгүй байна. Ийм хууль журам байдаг уу. Гомдолтой байна.
№1409085314 Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын шинэ гүүрний арын зам дагуух гэрэл асахгүй сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд гэрэлтүүлэггүйгээс машин осолдож, дугуйтай хүн аваарт орж амь насаараа хохирсон. Нийслэлийн шуурхай албаны 328922 утсанд хандаад ч арга хэмжээ авч өгөхгүй байна. Хурдны зам учраас яаралтай гэрэлтүүлэг хийж өгнө үү гэжээ.
В.ТУЯА