Талийгаачид оюутнууд байжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Талийгаачид оюутнууд байжээ

Хан-Уул дүүрэгт баригдаж буй "River Stone" хотхоны барилга дээр ажиллаж байсан 17-23 насны гурван залуу амь насаа алдсан хэргийн талаар бид мэдээлсэн.

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед тус орон сууцны барилга дээр ажиллаж байсан 17, 19, 23 насны гурван залуу унаж, амь насаа алджээ. Тодруулбал, тус барилгын гадна талын өнгөлгөөг хийж байсан гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн тросс тасарч өндрөөс унасан байна. Ослын улмаас хоёр нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өгч байгаа мэдээллээр тус барилгын үйл ажиллагааг өнгөрөгч дөрөвдүгээр сараас зогсоож, цахилгааныг нь таслаад байсан байна.

Тус орон сууцны барилгыг "S development" ХХК захиалан гүйцэтгэгч компаниудаар бариулж байжээ.

“S development” компанийн эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн Э.Сүнжидмаа “Манайх бол захиалагч компани юм. Энэхүү барилгыг “Boby construction” компани барьж байсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.” гэв.

Энэхүү барилга дээр 17 настай буюу насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулж байсан талаар бид тодруулахад одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.  

Дашрамд, талийгаачид оюутнууд байсан бөгөөд 09.05-наас түр гэрээ байгуулж ажиллаж байжээ. Тэд ердөө уг барилга дээр туслах ажилтнаар ажиллаад ердөө хоёр хоноод байжээ. Талийгаачид сургалтын төлбөртөө нэмэр болгох гэж энэхүү барилга дээр түр ажиллаж байсан гэж ар гэрийнхнээс бидэнд мэдээлэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж