Хүрлээ, Болд хоёр бараг жил хэртэй уулзалдаагүй. Тэгээд амралтын өдрөөр уулзаж, биллиард тоглохоор болжээ. Орой нь Болдыг гэртээ ирмэгц эхнэр нь асууж гарлаа.
-За, Хүрлээ сайн байна уу?
-Сайн.
-Эхнэр нь эмнэлэгт хэвтээд эртээдхэн гарсан гэж байсан. Гайгүй гэнэ үү?
-Мэдэхгүй ээ, тэр юу ч яриагүй.
-Яриагүй ээ? Чи өөрөө асуугаагүй юм уу?
-Ямар нэг ноцтой юм болсон бол надад хэлж л таарна шүү дээ. Тэгэхээр зүгээр биз.
-Нөгөө охин нь нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан гэсэн. Дажгүй гэнэ үү?
-Мэдсэнгүй ээ.
-Хүрлээгийн ээж нь сайн уу? Хавдрын эмчилгээ хийлгээд байсан.
-Мэдэхгүй ээ.
Харин Болд биллиардын бөмбөг хэрхэн нүх рүү орсон, яаж зөрсөн зэргийг бол ёстой нэгд нэгэнгүй мэднэ. Хүрлээгийн гэр бүлийн амьддралыг бол яагаад ч мэдэхгүй. Гэхдээ найзынхаа авах гэж бодож байгаа машины загварыг бол мэднэ шүү.
Ажлаа тараад найзуудтайгаа шар айраг ууж яваад ирэхдээ эрчүүд найзуудынхаа хувийн амьдралын талаар ямар ч мэдээлэлгүй ирдэгт эхнэрүүд гайхдаг. Ер нь бол харчууд хамтдаа хэдэн цагаар ч хамаагүй загас барин, гольф тоглон, эсвэл хөлбөмбөг үзэн хоорондоо нэг их юм ярихгүй сууцгааж чадна. Харин ямар нэг зүйл ярьвал болсон явдал, баримт, аливаа асуудлыг шийдэх арга замын тухай санал бодлоо хуваалцдаг.
Ер нь бол эрчүүдийн 85 хувь нь стрессээ тайлах гэж цуглаж юм уудаг. Тэд дуу шуу байхгүйгээр ууж суувал гайхах хэрэггүй. Хэрэлдсэн юм биш. Зүгээр л элдвийн зүйлд толгойгоо зовоолгүй амарч байгаа юм. Ярилцахгүй байлаа гээд хэн нэг нь нэгийгээ “Өнөөдөр ажил дээр чинь юу болсон? Хэнтэй уулзсан?” гэх зэргээр шалгаадаггүй. Харин эхнэрүүд ийм асуултаар бөмбөгдөхдөө гаргууд. Гэтэл эрчүүд яагаад хүүхнүүд ийм хэрэгт дуртай байдгийг, өдөр тутмын амьдралын дэлгэрэнгүй хөтөлсөн өдрийн тэмдэглэлийг орой бүр нэхдэгийг ойлгодоггүй. Зөвхөн нөхрийнхөө ч биш, хүүхдүүд, хамаатан садан, хөрш айлуудынхаа хэрэгт ч дурладаг учрыг олдоггүй. Тэгэхээр хэн нэгний гэр бүлийн эрүүл мэнд, ажил төрлийг сонирхох хэрэг гарвал хүүхнүүдээс асуу. Эрчүүд юу ч мэдэхгүй.