Серена “Их дуулга”-ын 18 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Серена “Их дуулга”-ын 18 дахь түрүүгээ хүртлээ

Талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын нэг болох Америкийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн билээ. Өчигдөр(09.07) тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт болж, алдарт Серена Уильямс түрүүлснээр “Их дуулга” тэмцээний 18 дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр шигшээд Данийн Каролин Вознякиг 6:3, 6:3-ийн харьцаагаар хожсон юм. Өдгөө 33 настай нэрт теннисчин тус тэмцээнд долоон тоглолт хийхдээ нэг ч сет алдаагүй байна. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь финалд шалгарсан өөрийн сайн найз Возняки байсан.

Серена Уильямс "Америкийн нээлттэй тэмцээн"-ий тав дахь түрүүгээ хүртэхдээ сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байна. Тэрээр 2009 онд анх түрүүлж байсан бол 2002, 2008 болон 2012-14 онуудад нутгийн кортон дээрээ аваргаллаа. Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямс "Уимблдон", "US Open", "Австралийн нээлттэй тэмцээн"-үүдэд тус бүр таван удаа, "Францын нээлттэй тэмцээн"-д хоёр удаа түрүүлээд байна. Серена "Их дуулга" тэмцээний 18 түрүү хүртсэн амжилтаараа бүх цаг үеийн дөрөвт эрэмбэлэгдлээ. Түүний урд Австралийн Маргерат Корт 24, Германы Штеффи Граф 22, АНУ-ын Хелен Уиллс Муди 19 түрүүтэй бичигдэж байна. Түүнчлэн АНУ-ын Мартина Навратилова, Крис Эверт нар Серенагийн адил 18 удаа түрүүлжээ.

Тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглосон Данийн Каролин Возняки “Америкийн нээлттэй тэмцээн”-ий финалд хоёр дахь удаагаа шалгарлаа. Тэрээр 2009 онд финалд Белгийн Ким Клистерт ялагдаж байсан юм.

Вознякигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Мария Шарапов байсан бөгөөд тэрээр дөрөвдүгээр тойрогт түүнийг хожсон юм.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт өнөө шөнө болох бөгөөд Японы Кей Нишикори, Хорватын Чилич нар шалгараад байна. Тэдний хувьд хэн хэн нь "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж