Хар тамхи зөөвөрлөсөн Л.Гантуулын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн Л.Гантуулын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хар тамхины хэргээр 6-12 жилийн хорих ял сонссон Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын  дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт 12 жил, Ц.Оюун-Эрдэнэд зургаан жил, найман  сар, 10 хоног хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээсэн байна. Харин П.Алтансүхийн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-д зааснаар буюу “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгожээ.  Л.Гантуул нь Ё.Оюунбилэгтэй урьдчилан үгсч тохиролцон, бүлэглэж 2009 оны зургадугаар сарын 28-ны өдөр Малайз улсаас БНХАУ руу Л.Байгальмаагаар 201 ширхэг үрэл буюу 2004 грам героин хууль бусаар тээвэрлүүлэх үйлдлийг зохион байгуулсан, 2008 оны аравдугаар сараас 2009 оны зургадугаар сарын 28 хүртэлх хугацаанд мөн Л.Байгальмаагаар Вьетнам, Малайз зэрэг Азийн орнуудаас удаа дараа мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлсэн гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн Ё.Оюунбилэгтэй хамтран Ц.Оюун-Эрдэнээр Малайз улсаас БНХАУ руу 31 капсул мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлж, П.Алтансүхээр Вьетнам улсаас БНХАУ руу, Лаос улсаас БНХАУ руу мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлсэн хэрэгт холбогдсон байна. Үүнээс гадна Л.Гантуул нь 2009 онд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байр руу ачигдаж явах үедээ биед нь үзлэг хийж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д-г зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг мөн үйлдсэн юм. Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын золиос болсон Л.Байгальмаа БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсон, тус улсад ялаа эдэлж байгаа билээ.  

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж