Д.Чулуунбаатарыг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Д.Чулуунбаатарыг суллахыг шаардав

Өмч хувьчлалын хэрэгт буруутгагдаж, хоёр сар гаруй хугацаанд хоригдоод байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Д.Чулуунбаатарыг батлан даалтад гаргахыг МСНЭ-ийнхэн шаардаж, өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МУИС-ийн багш М.Зулькафиль, МСНЭ-ийн орлогч дарга Н.Баасансүрэн, Х.Цэвлээ нарын хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч нарт  шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм. Тэд “Д.Чулуунбаатар нь “Улаанбаатар таймс” сонины өмч хувьчлалын менежментийн багт орж ажиллаж байснаас биш хувьчлалыг гардан гүйцэтгээгүй, санаачлагч байгаагүй” гэжээ. Мөн Д.Чулуунбаатараас мөрдөн байцаалтын явцад “Таныг хэн сонины эрхлэгчээр томилсон бэ, хувьчлал чухам яагаад таны үед явагдах болов, таны ард хэн байгаа вэ” зэрэг бусдын өмнөөс яллах  агуулгатай асуулт асууж байгаа нь цаанаа улс төрийн өнгө аястай байна гэж мэргэжил нэгт  нөхөд нь үзэж байгаа аж. Түүнчлэн уг хэрэгт холбогдсон бусад хүмүүсийг иргэний журмаар байцааж буй атал Д.Чулуунбаатарыг цагдан хорьсон үйлдлийг МСНЭ-ээс эсэргүүцэж  байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байгаа  Д.Чулуунбаатарыг батлан даалтад гаргаж, хууль зүйн  дагуу шударгаар ажиллахыг эрх бүхий байгууллагуудаас шаардлаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж