УИХ-ын эрхэм гишүүд төрийн алба сүүлийн үед дэндүү зөөлөн, танил талтай хүнд хэтэрхий найр тавьсан суудал болсныг шүүмжилдэг болов. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүн Ж.Энхбаяр ч энэ сэдвийг хөндөж байв. Албан тушаалын гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцдогоос болж өршөөлийн хуульд хамрагдаж зувчаад өнгөрдөг гэдгийг тэрбээр сануулж байлаа. Тиймээс тэрбээр “Төрийн албыг сэгсэрч, хатуурхах цаг болсон. Албан тушаалтны хариуцлагыг чангатгая” гэж байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Төрийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэрэг хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдож өршөөгддөг байсан” гээд одоо хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ төрлийн хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор оруулсан тул хууль батлагдвал өршөөлд хамрагдахгүй болохыг тайлбарлав. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм.
Д.ОЮУН